Нүүр будалт гэдэг охид бүсгүйчүүдийн хийдэг өдөр тутмын будалтаас жүжиг, кино, тоглолт бүр цаашилбал бие дээрх будалт гээд ахуйгаас урлаг хүртэл далайцтай хэрэглэдэг зүйл. Тиймдээ ч тайз, дэлгэцийн урлагтай зэрэгцэн хөгжиж ирсэн нүүр будалт сүүлийн жилүүдэд манай оронд үсрэнгүй хөгжиж буй. Гоо сайхны салон, make up artist гэх самбар, зарлал гудамж талбайгаас, сонины зарын хэсэг, цахим ертөнц гээд хаа сайгүй харагдах болсон нь нүүр будалт өргөн хүрээнд хөгжиж буйн нэг илрэл гэж хэлж болно.
Харамсалтай нь манайд Зөвлөлт улсад мэргэжил эзэмшсэн анхны мэргэжилтнүүдээс хойш их, дээд сургуульд суралцаж нүүр хувиргагч, нүүр будалтын мэргэжил эзэмшигчдийн халаа тасарсан гэхэд хилсдэхгүй. Тиймээс “Залуус” буландаа нүүр будалтын урлагаар Азид тэргүүлдэг БНСУ-ын Сеокюн гоо сайхны их сургуулийн анхны монгол төгсөгч Ө.Солонгыг урьж ярилцлаа.
-Яагаад заавал нүүр будалтын мэргэжлийг сонгосон юм бэ?
-Би бүр багаасаа л нүүр будалт, гоо сайханд дурладаг охин байсан. Ангийнхаа охидын нүүрийг будаж, шинэ жилийн үеэр шигтгээ нааж чимэглэдэг байлаа. Энэ сонирхол минь намайг make up artist болоход хөтөлсөн. Манай оронд нүүр будалтын чиглэлээр бакалаврын зэрэг олгодог мэргэжлийн сургууль байдаггүй учир гадаадын сургуулиудаас сонголт хийхээс өөр аргагүй болсон. Сургууль төгсөөд Европын сургуульд суралцах уу, эсвэл Азийнх дээр үү гэж эргэлзсэн л дээ. Эцэст нь би төгсөөд ази хүмүүсийн царайны онцлогт тохирсон будалт сурах нь зүйтэй гэж үзээд Сеокюн их сургуулийг сонгосон. Манай сургууль БНСУ-ын гоо сайхны мэргэжил олгодог хамгийн том сургууль.
-Солонгосын сургуульд суралцах эрх авахад хэцүү байв уу?
-Аав маань Солонгосоос гоёл чимэглэлийн зүйлс авчирч худалддаг юм. Тиймээс дунд сургуульд байхаасаа л Солонгост очдог байсан учир сургуулиа олоход харьцангуй амархан байсан. Гадаадын оюутнууд тус улсын сургуульд элсэн ороход тулгардаг хамгийн том бэрхшээл нь хэл мэдэхгүй байх. Тиймээс би Сөүлийн их сургуульд хоёр жилийн хугацаанд солонгос хэлний ангид суралцсан.
-Солонгосын нүүр будалт Азидаа тэргүүлдэг гэдэг. Ямар онцлогтой байдаг вэ?
-Солонгосын нүүр будалтын хамгийн чухал үзүүлэлт нь будсан ч будаагүй мэт натураль харагддаг байх явдал. Тиймээс арьсыг илүү чухалчилдаг. Арьсан дээрх сэвх, нөсөө, толбо гэх мэт зүйлсийг мэдэгдэхгүй цэвэрхэн болгох нь будалтын үндсэн хэсэг.
-Тэд нүүр хувиргагчдаа ямар үнэлэмжээр үнэлдэг юм бол?
-Манайхан ер нь нүүр хувиргалт гэлтгүй аль ч салбарт боловсон хүчнийг ажилласан жилээс нь хамаарч үнэлж, дүгнэх хандлагатай байдаг. Харин Солонгост бол ур чадварыг түлхүү харгалзана. Сеокюн сургуульд суралцаж байх хугацаандаа би багш нараа дагаж киноны нүүр хувиргалт болон Солонгосын хамгийн том дуурийн театрт тавьсан Италийн “Набуко” дуурийн нүүр будагчнаар ажилласан. Мөн тус улсад суралцаж байх хугацаандаа мэргэжлийн I, II, III зэрэг эзэмшсэн. Солонгосын мэргэжлийн үнэмлэхний III зэрэг нь гоо сайхны будалт, II зэрэг нь тайз, дэлгэцийн будалт, I зэрэг нь боди артын чадвар эзэмшсэн гэдгийг илэрхийлдэг. Мэргэжлийн зэрэг эзэмшсэн учраас гэрчилгээгээ, хийсэн будалтуудаасаа үзүүлэхэд аль ч байгууллага дуртай хүлээн авдаг.
-Мэргэжлийн үнэмлэх авахын тулд ямар шалгуур хангасан байх ёстой байдаг вэ?
-Тусгай сургалтад сууж шалгалт өгөөд авдаг юм билээ. Би мэргэжлийн сургуульд суралцаж байсан учир сургалтад суулгүй шалгалт өгөөд шууд авсан.
- Оюутан ахуйгаасаа л дуурь, киноны ажилд оролцсон гэхээр Солонгост онолоос илүүтэй дадлагын сургалтыг түлхүү ашигладаг байх нь ээ?
-Солонгосчууд тухайн хүний ур чадварыг л чухалчилдаг учир заавал сургууль төгссөн мэргэжлийн хүмүүсээр будуулна гэдэггүй байх. Багш нар маань оюутнуудаас сонгоод ажилдаа туслуулах нь их түгээмэл.
-Тэгэхээр ур чадвараар сургуульдаа дээгүүрт ордог байжээ дээ?
-Манай сургуульд солонгосчуудаас гадна япон, хятад оюутнууд цөөнгүй суралцдаг. Яагаад ч юм багш нар гадаад оюутнууд гэхээсээ элэг нэгтнүүддээ илүү аминчхан зөвлөж, зааж сургадаг. Би солонгос оюутнуудтай дотно нөхөрлөж, хичээлээ цуг давтдаг байсан учраас багш нар маань надад сайн ханддаг, их зүйл зааж сургадаг байсан. Тэр нь ч намайг туслахаараа сонгож, хамтарч ажиллахад нөлөөлсөн байх.
-Солонгост нүүр будалтын мэргэжилтэн, гоо сайханчаар суралцаж төгссөн хүн олон бий юү?
-Манай сургуулийн хувьд би анхны төгсөгч нь. Манай доод ангид одоогоор долоо найман оюутан сурч байгаа. Төгсөөд Солонгосын “EBC” телевизэд ажиллаж байгаад Монголд ирээд сар орчим л болж байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд цөөнгүй удаа ирж, мэргэжлээрээ ажилласан.
-Энд ирээд удаагүй байгаа хэрнээ хэдийнэ олон үйлчлүүлэгчтэй болсон байгаа бололтой. Ямар уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна ва?
-Дуучин Ч.Уранхолбоо, А.Хишигдалай, Ч.Цэлмүүн болон “Эмоци”, “Х түц” хамтлагийнхны нүүр будалтыг хийдэг. “Бондоолой фильм”-ийн “Рекет” кинонд нүүр хувиргагчаар ажиллаж байна.
-Тэгэхээр ирээд удаагүй хэрнээ хэдийнэ танигдчихсан, хамтран ажиллах санал хүлээж авч байгаа байх нь ээ?
-Киноны нүүр хувиргагчаар ажиллах санал цөөнгүй ирж байгаа. Гэхдээ цаг заваа харж байгаад л ирсэн саналуудаас сонгож хамтран ажилладаг.
-Өдөр тутмын, тайз болон дэлгэцийн нүүр будалтууд юугаараа ялгаатай байдаг вэ?
-Тайзны нүүр будалт өдөр тутмын будалтаас илүү хурц тод байдаг. Түүнээс гадна тоглолтын үеэр хөлс гарч будаг урсах магадлал их байдаг тул стик суурь будаг гэх зузаан будгийг ашигладаг гэх мэт онцлогтой. Харин киноны нүүр хувиргалтын хувьд чимхлүүр ажил ихтэй бусад төрлүүдээс хамгийн хүнд нь гэж хэлж болно. Гоо сайханчид сормуус ширхэгчлэн наахыг их хүнд ажилд тооцдог. Киноны нүүр хувиргалт түүнээс хэцүү чимхлүүр ажил ихтэй байдаг.
-Монголчуудын хувьд их тод хурц будалт хийдэг гэх шүүмжлэл байдаг шүү дээ. Солонгост мэргэжил эзэмшсэн хүний нүдээр харахад ямар дутагдал харагддаг вэ?
-Намайг энд ажиллаж байх хугацаанд манай сургуулийн солонгос оюутан ирж миний ажилд туслалцан дадлага хийсэн. Тэр охин монголчууд их тод өнгөөр нүүрээ будах юм аа гэж байсан. Нүүр будалтыг нүд, хацар, уруул гэсэн гурван эрхтэнд тулгуурладаг. Тэгэхдээ үндсэн зарчим нь нүд тод байвал хацар, уруулын өнгө бүдэг будаагүй мэт харагдахаар байх ёстой.
-Сүүлийн үед нүүр будалтад ямар арга техник илүү хөгжиж байна вэ?
-Гэрэл сүүдэр ашиглан нүүрний өөг дарах арга түлхүү хөгжиж байгаа. Манай оронд ч нүүр будалтын эл арга техник хэдийнэ нэвтэрсэн, мэргэжилтнүүд төдийгүй бүсгүйчүүд ч гэрэл сүүдрийн аргыг өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг болсон байна.
-Гэрэл сүүдрийн аргаар нүүр төдийгүй биеийн өөг ч далдалдаг гэсэн. Манайд тэр аргуудыг хэр өргөн хэрэглэдэг юм бол?
-Тийм ээ. Гэрэл сүүдрийн аргаар майга хөлийг тэгшхэн, тэр ч байтугай хөхийг том харагдуулах боломжтой байдаг. Би “IC creative” студитэй хамтран ажилладаг. Тус студийн сурталчилгааны зурагт биеийн өөг далдлах будалт хийж байгаа.
-Сүүлийн үед охид бүсгүйчүүд төдийгүй залуус ч нүүрээ буддаг болсон гэсэн. Нүүрээ будуулах хүсэлтэй залуус ирж байв уу?
-Залуус нүүрээ будуулах нь солонгост их түгээмэл. Тэр ч байтугай эрчүүдэд зориулсан нүүр будалтын бүтээгдэхүүн ч бий. Манай залуус ч бас сүүлийн үед гоо сайхандаа анхаарал хандуулж, төгсөлтийн баяр гэх мэт арга хэмжээний үеэр нүүрээ будуулах гэж их ханддаг болсон байна.
- Эрэгтэй хүний нүүр будалт юугаараа онцлог байдаг вэ?
-Гол нь өнгөцхөн харахад огт мэдэгдэхээргүй, цэвэрхэн толигор арьстай мэт л байх ёстой байдаг.
Ажилд авахдаа төдийгүй суралцах эрх олгохдоо ч өндөр шалгуур тавьдаг БНСУ-ын томоохон телевизүүдийн нэг болох “EBC”-д мэргэжлээрээ ажиллаж, Солонгосын хамгийн том дуурийн театрт тавьсан “Набуко” дуурьт тоглосон итали уран бүтээлчдийн нүүрийг будсан чадварлаг бүсгүй маань амжилт ололтоороо бардамнадаггүй даруухан нэгэн. Монголд ирээд удаагүй ч хэдийнэ хэд хэдэн киноны нүүр хувиргагчаар ажиллах санал хүлээн авч, цөөнгүй уран бүтээлчид ч нүүр будалтыг нь үнэлж, өөрийг нь итгэн үйлчлүүлэх болсон нь түүний ур чадвар ямар түвшинд байгааг илтгэнэ.
О.УНДАРМАА