Монголын төр, шашин, соёлын нэрт зүтгэлтгэн, бурхны шашны тэргүүн анхдугаар Богд Жавзандамба хутагт буюу Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг энэ онд тэмдэглэж буй. Тэрбээр ном эрдэмд гэгээрсэн хуврага төдийгүй уран баримал, зураг, уран барилга, яруу найраг зэрэг урлагийн олон төрлөөр мэргэшсэн бүтээлч байсан юм. Занабазарын урласан “Хорин нэгэн дарь эх”, “Цагаан, ногоон дарь эх”, “Язгуурын таван бурхан” зэрэг бурхны баримлууд нь Монголд төдийгүй дэлхийд Занабазарын хийц гэдгээр алдаршжээ.
Түүний санаачлагаар байгуулсан олон хийд байдаг бөгөөд хамгийн сүүлд дорвитой судлагдаж байгаа Сарьдагийн хийдийн олдворыг дэлгэсэн үзэсгэлэн өчигдөр Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ. Хэнтий ханы өвөрт уул, усны тэгшийг сонгон байгуулсан энэ хийдийн туурь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт бий. Төгс баясгалант Номын их хүрээ буюу Рибогэжайганданшадублин гэдэг нь энэ хийдийн жинхэнэ нэр бөгөөд 1686 онд баригдаж, тухайн цаг үедээ шашны томоохон төв болж байсан ч 1688 онд дэгдсэн Халх, Ойрадын дайны балгаар эвдэрч, сүйджээ. Есөн барилга, гурван суврагаас бүтсэн энэ хийдийн эд хэрэглэл, барилгын хийцэд Занабазарын урлал тод томруун үлдсэн байдаг аж. Олноо Сарьдагийн хийд хэмээн алдаршсан энэ туурийг өнгөрсөн зуунд орос, монголын эрдэмтдийн хэд хэдэн баг очиж, илрүүлж мөн бага хэмжээний малтлага хийж байсан ч хангалттай судлаагүй байжээ. Тиймээс Түүхийн хүрээлэнгийн захирал, профессор С.Чулууны санаачилгаар 2013-2016 онд хэрэгжүүлж буй “XVII зууны Монголын хотууд ” төслийн хүрээнд “Сарьдагийн хийд”-эд археологийн малтлага, судалгаа хийж байгаа аж. ШУА-ийн Түүхийн хүрээлэн, ССАЖЯ, Богд хааны ордон музей, Соёлын өвийн төв, Хан Хэнтийн дархан газартай хамтарсан хээрийн шинжилгээний анги хэд хэдэн газар малтлага хийж, судалгааны үр дүнд хийдийн зургийг нь сэргээн зураглаж, Түвд маягийн хавтгай дээвэртэй, дээврийг нь ногоон, алтан шар, улбар шар өнгийн ваараар хучиж, гоёмсог хээ угалзтай нүүр ваар, паалантай шавар дүрсээр чиглэсэн болохыг тодруулсан байна. Энэ нь Монголын хот суурин, хүрээ хийдийн судалгаанд томоохон ач холбогдолтой ажил болсон байна.
Энэ малтлагын үр дүнд уран нарийн хийцтэй барилгын шавар чимэглэл, язгуурын таван бурхан болон асар том хэмжээтэй бурхдын шавар баримал, тал хэвэнд цутгасан бурхдын шавар дүр зэргийг илрүүлсэн аж. Тиймээс энэ удаа эдгээр олдвороос 150 гаруйг дээжлэн үзэсгэлэн гаргажээ. Хүний дүрстэй барилгын чимэглэл, бурхны шүншиг, төрөл бүрийн эрхиний хэсэг, шаазан цом, мөнгөөр урласан Замбал бурхны эр сахиусан хүрд, Балбад дэлдсэн мөнгөн зоос гээд анхаарал татахуйц үзмэр олон байв. Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ц.Оюунгэрэл, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар оролцож, эл судалгааны ажлыг цаашид ч дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.
Хоёр жилийн турш хийсэн судалгааны үр дүнд хийдийн тууриас 1300 орчим олдвор илрүүлжээ.
Түүнчлэн энэ малтлагын үр дүнд Г.Занабазар судлалд онцгой нэгэн дэвшил гарах магадлалтай байгаа. Өмнө нь Г.Занабазарын хийцийн бүтээлүүд нь алтан шармал цутгуур, цаасан шуумал, уран зураг гэсэн төрөлд хуваагддаг байсан бол Сарьдагийн хийдээс илэрсэн бурхад нь бүгд шавраар хийсэн буйгаараа онцлог юм.