Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион явуулж буй “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын найм дахь зочноор “Кинг Кидс” Англи хэлний бүрэн дунд сургуулийн захирал Ц.Хулан уригдаж, “Дэлхийн хэл-Англи хэл ”сэдвийн хүрээнд илтгэл тавьж, залуустай нээлттэй ярилцлаа.
1998 онд МҮОНТ-ийн эфирээр үеийн олон багачууддаа англи хэл зааж, хүүхэд хүүхэддээ хэрхэн багшилж болдогийг харуулж байсан Ц.Хулан багш өдгөө “Кинг Кидс” Англи хэлний бүрэн дунд сургуулийн захирлын албыг хашиж буй.
Тэрбээр лекцийн үеэр хичээнгүй хүн л хэл сурдаг гэдгийг онцоллоо.
Ц.Хулан багш МҮОНТ-ээр 1998-2002 оны хооронд 592 цагийн хичээлийг хүүхэд багачууддаа хүргэсэн аж.
Өөрийн хичээл зүтгэлээр англи хэлийг төгс эзэмсэн тэрээр ахлах сургуулиа Америкт төгсөж, оюутан ахуй цагаа БНХАУ-д өнгөрүүлжээ. Ц.Хулан Англи, Хятад, Франц, Солонгос хэлтэй юм.
Тэрээр оюутан залуустаа хандаж хэл сурахад зайлшгүй анхаарах зөвлөгөөг хүргэлээ
1.Зөв дуудлага
Дуудлага буруу 100 үг сурснаас, зөв дууддаг 10 үг мэддэг байх нь илүү чухал
2. Сонсгол
Хүүхэд анх хэлд орохоос өмнө гэр бүл, нийгмийн харилцааны яриаг хоёр жил сонсдог. Тиймээс хэл сурахад сонсгол их чухал. Хэл сурах гэж буй хүн өөртөө сонирхолтой зүйлийг сонсох хэрэгтэй. “Bbc six minut English” –ийг залуустаа санал болгомоор байна. Мөн өөрийн сонирхсон олон ангит киног тогтмол үздэг болох хэрэгтэй
3.Унших
Залуус өөртөө хэт ахадсан номыг унших гээд байдаг. 10 өгүүлбэрийн наймыг нь л та ойлгохгүй бол танд ахадсан ном. Үг бүрийг толь эргүүлж орчуулснаар залхахад хүрдэг. Ямар түвшинд байна гэдгээ хүлээн зөвшөөрөөд, түүндээ тохирсон ном ол. Уншиж буй зүйлээ толь ашиглахгүйгээр ойлгоод ирэхээр урам авч, дараагийн хуудас руу шимтэн ордог
4.Бичих
Бичих гэдгийг ихэнх хүүхдүүд эссе-ээр ойлгодог. Харин өдөр тутам өдрийн тэмдэглэл хөтлөвөл илүү сонирхолтой бөгөөд үр дүнтэй
5.Шинэ үг
Үгийг нэг бүрчлэн тогтоох хэрэггүй. Харин холбоо үг, өгүүлбэрээр цээжлэх нь илүү үр дүнтэй. Шинээр тогтоож буй нэг шинэ үгэндээ таван өгүүлбэр зохиох хэрэгтэй.
6.Ичих хэрэггүй
Хэл сурахад алдаа гаргахаас айж болохгүй. Монгол оюутнууд бусад орны оюутнуудыг бодвол хэллэг сайн байдаг.
М.Болор