Аляскийн нэгэн байшингийн дороос олдсон зэс олдворууд түүхийн шинжлэх ухаанд бараг эргэлт хийх мэдээллийг эрдэмтдэд “ярьжээ”. Юу гэхээр, Зүүн Азийн аялагчид Х.Колумбаас өмнө Америкт очиж, нутгийн уугуул иргэдтэй харилцаа тогтоосныг эртний Хятад, Солонгос, тэр бүү хэл Якутын соёл, ахуйтай холбоотой шүгэл зэрэг эд зүйлс гэрчилж байгаа гэнэ. Судлаачдын дүгнэлтээр бол алдарт Х.Колумб нээлтээ хийхээс багцаагаар 100-гаад жилийн өмнө ази хүмүүс Берингийн хоолойгоор дамжин Аляскт очсон аж.
Дашрамд өгүүлэхэд, Аляск, Дорнод Сибирь, Чукоткийн хойгийн завсарт орших Берингийн хоолойн урт нь 96 км. Хамгийн нарийн хэсэг болох Дежневийн хошуу болон Уэльсийн хошууны хооронд өргөн нь 86 км. Хоолойн дунд хэсэгт Диомидийн арлууд бий. Жилийн дийлэнхэд буюу долоогоос аравдугаар сараас бусад үед мөсөн бүрхүүлтэй байдаг тус газрыг 1648 онд Оросын аялагч, далайчин Семён Дежнев олж, нээжээ. Берингийн хоолойг 1728 онд нэвт гаталсан анхны хүн нь Оросын флотын ахмад, дани гаралтай Витус Беринг байсан учраас нэр нь ийнхүү тухайн газартай холбогдон мөнхөрчээ. Энэхүү газар нутагтай монголчуудын түүх ч холбоотой. Ойролцоогоор 30.000 жилийн тэртээд монголжуу төрхтэй хүмүүс тус хоолойг гатлан, Америк тивийн анхны оршин суугчид болсон гэдэг.