Зуйван хэлбэртэй энэ ваарны гадна талд тогтсон буржгар зүйлс бол далайн жижиг хясаа, элдэв ургамлын чулуужсан үлдэгдэл юм. Эдүгээгээс найман зууны тэртээ энэ саванд Хубилай хааны цэрэг усаа хийж, аян дайндаа авч явдаг байжээ.
Монголын үндэсний музейн Эзэнт гүрний дурсгалын танхимд хадгалагдаж байгаа энэ олдворыг 1992 онд Японы Засгийн газраас бэлэглэсэн юм билээ. Монгол Улсад суугаа Японы Элчин сайдын яамныхан дөрвөн ширхэг ийм савыг манай музейд хүлээлгэн өгсөн бөгөөд зарим хэсгийнх нь хясаа, далайн ургамал ховхрон унаж, улаан өнгийн будагтай хэсэг нь ил гарчээ.
Амсрыг нь дотогш хумьсан хэлбэртэй уг савыг сэнжний нүхтэй байсан учраас хожим нь олсоор бариул хийжээ. Энэ савны өндөр 35 см бол диаметр нь 25 см аж. Ваарны уламжлалт хэлбэрийг хадгалсан энэ сав далайн ёроолд олон зуун жил байсан учраас гадуураа сонирхолтой бүрхүүлтэй болжээ. Гэхдээ энэ нь монгол цэргүүдийн далайн тулааныг гэрчлэх ховор, содон үзмэрт тооцогддог юм.
Ж.СОЛОНГО