Японы физик, химийн хүрээлэнгийн судлаачид дэлхий орчим сансрын уудамд “тэнүүчилж” буй томоохон хогнуудыг лазераар цэвэрлэх төсөл боловсруулжээ. Ингэхийн тулд Олон улсын сансрын станцаас “буудах”-аар төлөвлөсөн ч энэ санаанаасаа буцжээ. Учир нь ийнхүү хог хаягдлыг лазердахад ОУСС-д аюултай нөхцөл байдал үүсэх аж. “Acta Astronautica” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа төсөл боловсруулсан багийн ахлагч Тошиказү Эбисүзаки “Дэлхийн тойрог зам дахь хаягдалтай тэмцэхийн тулд сайнсрын дуран EUSO болон лазерийг ашиглахаар төлөвлөсөн. ОУСС-д байрлуулах EUSO хог хаягдлыг “буудах” орчин болон сансрын цацраг идэвхт байдал, тухайн объект дэлхийгээс ямар зайд байгаа зэргийг судална” гэжээ.
Дашрамд, сансрын хогийг овроор нь ангилдаг. Эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаагаар дэлхийгээс 160-1900 км өндөрт “зугаалж” буй хог хаягдлуудаас барагцаагаар 24.000 нь 10 ба түүнээс дээш см, 300.000 гаруй нь 1-10 см хэмжээтэй аж. Нэгээс бага см хог 140 орчим саяд хүрэх гэнэ. Цагт 480 км хурдтай “хийсэх” эдгээр хаягдлууд хиймэл дагуул, сансрын хөлөгт аюултай. Сансрын хаягдлаараа Орос тэргүүлж, Америк удаалдаг. Гуравдугаарт Хятад ордог байна.