Монгол, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан сэтгүүлч, цуглуулагч Ч.Болд “Алс газар сурахаар одогсод” номоо уншигчдын гарт хүргэж байна. Манай хоёр орон дипломат харилцаа тогтоох эхлэлийг тавьсан нэгэн чухал үйл явдал бол өдгөөгөөс 100-гаад жилийн өмнө буюу 1926-1930 онд Монгол Улс дөрвөн хөвгүүнээ Францад сургахаар илгээсэн явдал юм. Тэд хожмоо шинэ цагийн Монголын шинжлэх ухаан, боловсрол, соёл урлагийн тэргүүлэх сэхээтнүүд болж, алдар нэрээ мөнхөлсөн түүхтэй. Тэд Францад эрдмийн мөр гаргасан тэдэн дээр нэмэгдэн очсон Мэргэн гүн Гомбожав, Ж.Цэвээний гэргий Бадамжав, түүнчлэн Францад сургах ажлыг санаачлан, зохион байгуулсан Ц.Дамбадорж, Эрдэнэбатхан, ажил хэрэг болгон хэрэгжүүлсэн багш Б.Ишдорж, Д.Буддари нарын олон хүний амьдрал, хувь заяаны ээдрээт, эмгэнэлт түүхийг эл номд өгүүлжээ.
Түүхийн ухааны доктор, профессор З.Лонжид “Мэргэжлийн судлаачдын бүтээлд дурдах төдийгээс хэтрээгүй байсан том сэдвийг тусгайлан авч, баримтжуулан, гэрэл зургуудын хамт дэлгэснээрээ энэхүү ном онцгой ач холбогдолтой түүхэн баримт болжээ. Монголын төр улс орноо дэлхийн жишигт дүйцэхүйц эдийн засаг, боловсрол, соёлтой болгохыг тэргүүлэх зорилт болгон хэрэгжүүлж байсныг зохиогч олон янзын эх сурвалж ашиглан баримтжуулсан нь тун сайшаалтай” хэмээн үнэлсэн байна. Ч.Болд сүүлийн долоон жилийн хугацаанд хийсэн судалгаандаа тулгуурлан бичсэн номондоо 120 шахам нэн ховор гэрэл зураг болон архивын баримт ашигласны дийлэнх нь өмнө нь ямар нэгэн хэвлэлд гарч байгаагүй аж. Нийт гурван дэвтрээс бүрдэх эл цувралын дараагийн хоёр дэвтэрт 1926-1930 онд Герман улсад суралцаж байсан сурагч, оюутнуудын тухай өгүүлнэ хэмээн тэрбээр ярилаа.