Монгол Улсад суугаа Италийн ЭСЯ-ны ивээл дор Италийн соёлын төвийнхөн “Итали амт” буюу “Sapori d’Italia” хоолны сургалт зохион байгуулжээ. Аялал жуулчлалын ур чадварын төвтэй хамтарсан эл арга хэмжээнд гэрийн эзэгтэй, оюутан сурагчдаас эхлээд мэргэжлийн тогооч нар ч хамрагдан, гэрчилгээтэй болжээ.
Италийн уламжлалт олон төрлийн хоолыг Монголд үйлдвэрлэсэн мах, сүүн бүтээгдэхүүн ашиглан хэрхэн бэлтгэхийг заахын зэрэгцээ италичуудын хоолны соёл, хэрэглээг сурталчлах давхар зорилготой ийм ажлыг ганц удаа зохион байгуулаад орхихгүй, төсөл хэрэгжүүлж байгаа гэнэ. Сургалтын хугацаанд өөрийн бэлтгэсэн хоолоо амтлангаа Италийн соёл, хоолны урлагийн тухай сонирхолтай яриа өрнүүлдэг нь хүмүүст илүү таалагдсан талаараа сэтгэгдлээ хуваалцсан юм. Дэлхийн сонгодог урлагийн өлгий болсон тус улсад ЮНЕСКО-гийн бүртгэлд багтсан хүн төрөлхтний соёлын өвийн 40 гаруй хувь нь бий гэхээр гайхалтай, бахархмаар. Италичуудын хувьд хоол хийх нь ажил биш, таашаал гэсэн яриа бий. Тиймдээ ч итали хоол дэлхийд алдартай буй за. Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн гуравдугаар сард италчууд Неаполийн пиццагаа ЮНЕСКО-д бүртгүүлэхээр бичиг баримтаа бүрдүүлсэн талаар дэлхийн хэвлэлүүдэд мэдээлсэн.