Эх хүн хүүхдээ хэн бүхний, юм болгоны түрүүнд тавьдаг. Энэ нь байгалийн зөн байх л даа. Тэгээд ч угаас хүүхэд гэдэг хамтын амьдралын гол баатар шүү дээ. Гэхдээ миний танил нэгэн эмэгтэй юм бүхний түрүүнд нөхрөө гэдэг юм. “Тэгэх шалтгаан бий” гэж тэрбээр өөртөө тун итгэлтэй байдаг. Түүнд болон гэр бүлд нь амьдралын нэгэн дүрэм үйлчилдэг юм. Би эхэндээ тэр дүрмийг нь үл ойшоож, найзыгаа нөхрийнхөө алтан фэн гэж тоглоом шоглоом хийдэг байлаа. Сүүлийн үед харин түүний ухааныг магтаад барахгүй болсон. Миний бодлоор тэрбээр гэр бүлээ бэхжүүлэх түлхүүрээ олжээ. Найз бүсгүйнхээ яриаг тантай хуваалцъя.
Бид хоёр хуримлаад сар гаруй л болж байлаа. Шинэ бүлд хуримын бэлэг тасралтгүй ирсээр. Тэр бүхнээс илүү үнэтэй, гэнэтийн нэгэн бэлэг надад ирсэн. Би жирэмсэн болжээ. Гэхдээ би ийм бэлэг авахад бэлэн бус байсан учраас нөхөртөө хэлэх гэж яарсангүй. Тэр ч над шиг байгаа гэж бодоод тэр л дээ. Бал сараа ч дуусгаагүй, хайраар бялхсан залуу хос жаргаж, эрхэлж ч амжаагүй шахуу байтал гэнэт аав, ээж болчихоор сонин санагдаад байлаа. Миний хувьд хүний эхнэр, тэгээд зэрэгцээд ээж болсондоо жаахан цочирдсон гэх үү дээ. Гэлээ гээд яах билээ, нэгэнт ирсэн анхны хүүхдээсээ нүүр буруулалтай биш. Эхнэр, нөхөр болох гэж ядаж яваа бид хоёрт хүү минь аз жаргал авчирсан ч, нэг ой хүртлээ гэр бүлийн минь хамгийн том асуудал байлаа. Ялангуяа надад. Гэхдээ бид бүхнийг ам зөрөлгүй зохицуулахыг оролдож байсан. Нэг удаа би ингэж бодлоо, аав нь хүүхдийнхээ хувьд ямагт анхдагч нь байх ёстой гэж. Тийм ээ, хүүхдийн асуудалд эцэг нь санаа тавьж, илүү оролцох ёстой гэж бодсон юм. Би хүүдээ хайргүйдээ тэгээгүй л дээ. Түүний төлөө би бүхнийг зориулахад бэлэн. Гэхдээ би нөхөртөө илүү саймшраад байгаагаа мэдэрсэн. Тиймээс л түүнийг хүүгийнхээ дараа, хоёрдугаарт тавихаас айж, болгоомжлон тийм шийдвэрт хүрсэн байх. Энэ тухайгаа найз нартаа хэлтэл бүгд л гайхаж билээ. Арга ч үгүй биз, эх нь хүүхдийнхээ төлөө бүхнээ золиосолж, ямагт нэгдүгээрт тавих ёстой гэсэн алтан дүрмээс гажаад байхаар тэр. Гэхдээ бүгд намайг буруушаасангүй. Зарим нь үнэхээр нэгдүгээрт нөхөр, хоёрдугаарт хүүхэд байх ёстой гэдгийг зөвтгөхийг оролдож байсан. Би одоо ч гэсэн тэр үед гаргасан шийдвэр минь үнэхээр зөв байсан гэдэгт эргэлздэггүй. Эхлээд нөхрөө хүүхдээсээ “харамласан” эхнэр хүн, өөрийгөө эрхлүүлэх гэсэн “нялх” ээжийн үүднээс ийн бодсон байж болох. Гэдээ эцсийн дүнд миний шийдвэр амьдралын минь алтан журам болж, насан туршдаа бахархах гэр бүлээ босгосон учраас би ийнхүү бардам ярьж байна. Хүүхдээсээ өмнө нөхрөө тавьснаар би гэр бүлээ улам бэхжүүлсэн. Үр хүүхэд нь аавыгаа үргэлж хүндэлж, зөвлөгчөө, найзаа гэж боддог, эр нөхөр минь аливаад залуураа алдахгүй гэрийн эзэн, гэр бүлийн удирдагч гэдгээ мэдэрч, үүргээ ухамсарлаж, хариуцлагатай эр хүн болоход эзэгтэйн хувьд би том үүрэг гүйцэтгэж гэж өөрийгөө хааяа тоодог юм.
Мэдээж айл гэрийн эзний хувьд ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд тавьж, дээдлээд байхаар эр хүн гэр бүлээ бат байлгахыг хичээж, элэг бүтэн амьдралыг цогцлооно шүү дээ. Амьдралд юу эс тохиолдох вэ, сайхан бүсгүйд сэтгэл татагдахгүй эр хүн гэж үгүй, амьдралын хэрэгцээ шаардлагаас ургасан асуудлаас ам зөрөх юм гарна гээд тоочвол зөндөө. Хамгийн гол нь энэ бүхнийг эр хүн зохицуулж, гэр бүлээ аврах ёстой гэж түүнд итгүүлж байгаа хэлбэр нь гэртээ эцгийн эрхт ёсыг тогтоох явдал гэж би тэртээ залуухан үедээ шийдсэн хэрэг л дээ. Одоо би юу яриад байгааг эрхэм та гадарлаж байгаа биз ээ. Би үр хүүхдээ өнчрүүлэхээс хамгаалж, тэднээс түрүүнд эцгийг нь тавьсан хэрэг. Ингээд бодохоор угтаа бол нөхөр минь нэгдүгээр хүн биш, олонхийн хэлдгээр хүүхдийнхээ ард л жагсаж байгаа юм. Гэр бүлдээ тогтоосон миний дүрэм хүүхдүүдэд минь ч сайнаар нөлөөлнө. Тэд гэр бүлээ хамгаалах ухаанд суралцсаар, том болоод үлгэр жишээ аав шигээ л байж, эхнэрээ, үр хүүхдээ хамгаалах болно. Би ингэж л итгэдэг. Миний бодлоор би болон нөхөр минь хүүхдүүдийнхээ амьдралын толь нь байх ёстой. Тэд минь өсөж өндийгөөд ямар мэргэжилтэй, юу хийх нь хамаагүй, хамгийн гол нь зөв, эрүүл гэр бүлийг босгох нь л чухал. Үүний тулд аав, ээж нь амьдралаа “барьцаалан” сургах хэрэгтэй. Ийм л шалтгаанаас улбаалан би нөхрөө нэгдүгээрт тавьсан юм.
Тэгэхээр гэр бүлийн нэгдүгээрх хүнийг “төлөвшүүлэхэд” анхаарах зүйл бий. Амьдралын туршлагаас хараад байхад эхнэр, нөхөр хоёр хүүхдээ эрхлүүлж, өвөртөлж унтаад өөрийн эрх ашгийг хойш тавьдаг. Тэдний хажууд “халууцаж” чадахгүй явсаар нэг мэдэхэд л харилцаанд цав суусан байх вий. Бие биедээ наалдаж, шүргэлцэнэ гэдэг бол гэр бүлийн харилцааг тогтвортой байлгах чухал зүйл гэдгийг хүмүүс тэр бүр анзаарддагүй. Үүнээс үүдэн гуравдагч гарч ирэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр бид хоёр ингэдэг байсан юм.
Хэзээ ч хүүхдээ дундаа унтуулж, орны хоёр захад шахагдан хэвтдэггүй. Хоюулхнаа байх боломжийг бид алдахгүйг хичээдэг. Ингэж ярихаар хүмүүс намайг элдвээр хэлэх байх. Гэхдээ би өөрийгөө буруутгахгүй. Юу гэхээр би найз нөхөд, ойр дотнынхонтойгоо уулзаж, айлчилж, хооллохдоо хүүхдээс бусад сэдвээр ярьдаг. Хүүхдүүд өсөж, том болоод хүссэн, эс хүссэн ч гэрээсээ гарч амьдарч, биднээс холдоно. Тэгэхээр хэдийд нь тэдэнтэйгээ хамт байж, тэдний тухай өхөөрдөн ярих юм бэ гэж бодож байна уу. Тийм ээ, таныг би буруутгахгүй. Бас өөрийгөө ч буруутгахгүй. Хамгийн гол нь үр хүүхдээ эрхлүүлэх биш, тэднийг амьдралд бэлэн аав, ээж болгоход л хүний зорилго оршдог юм болов уу гэж боддогоо л тантай хуваалцсан минь энэ. Хүн болсных үр хүүхдээ үзэх хэрэгтэй гэдэг. Удам залгах хүн гаргаад л явчих нь бас өрөөсгөл. Тэд минь цааш цэцэглэн, салаална. Тэгэхээр тэднийгээ аав, ээж болгон төлөвшүүлэхэд эцэг эх бид л бэлтгэх учиртай. Ингээд үр хүүхдүүд минь сайн аав, ээж болж, хүүхдээ өнчрүүлэхгүй зөв амьдарч чадвал удмаа үлдээсний учир шалтгаан нь энэ буй за. Зөв амьдарч чадаж байгаа нь амьдралд эрхэлж байгаагийн илрэл гэж бодном.