Сийлбэрч Х.Батжаргалын урлангийн хаалгаар шагайхад л их хотын чимээ шуугиан, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнах цээж давчдам хэмнэл мартагдаж, модны сэнгэнэсэн үнэр, “Цагаан суварга”-ын аялгуутай хослон хотын саарал амьдралыг шувуудын жиргээ, булгийн усны түргэн урсгал, ногоон зүлгээр төсөөлөх тийм нэг нам гүм, амар тайван ертөнц рүү аваачих шиг санагдана. 23 жилийн турш модтой нөхөрлөсөн тэрбээр олон нийтийн цахим сүлжээнд зураг нь тархаад буй монгол сийлбэртэй тавилгыг урласан уран гартан.
-Та хэдийнээс сийлбэр хийж эхэлсэн бэ?
-Хөдөлмөр сургалтын хичээлээр буюу дөрөвдүгээр ангид байхаасаа сийлбэр хийж эхэлсэн. Азаар манай ангид хөдөлмөрийн хичээл заасан багш Чулуунбаатар маань мундаг сийлбэрч хүн байсан. Ангийн хүүхдүүд ганжин, гурилын мод хийж байхад би багшаараа заалган тэмээ, морь зорж суудаг байлаа. Тэгж л анх модтой танилцсан даа. Тавдугаар анги төгсөх жилдээ зурагтаар зураг урлалын 86-р сургуульд сийлбэрийн гүнзгийрүүлсэн сургалттай анги байдаг тухай сонсоод очиж шалгалт өгч тэнцэж байлаа.
Ангийн багш Энхцэцэг, сийлбэрийн багш Нэргүй гээд дандаа тухайн үеийн Зөвлөлт холбоот улсад мэргэжил эзэмшсэн сайн хүмүүс хичээл зааж байлаа. Наймдугаар ангиасаа хүүхдийн Урлан бүтээх төвийн сийлбэрийн дугуйланд давхар хичээллэдэг болсон. Сургуулиа төгсөөд СУИС-д Г.Цогбаяр багшийн урланд таван жил сурсан. Тухайн үед биднийг таван жил сургаж, бэлтгэдэг байлаа шүү дээ. Дөрөвдүгээр курст байхдаа Урлан бүтээх төвдөө дадлага хийхээр очоод, удалгүй багшлах болсон. Хүүхдийн урлан бүтээх төвд хэсэг багшаар ажиллаж байгаад одоо чөлөөт уран бүтээлч болсон.
-Аав ээжээс удамшсан ур бий юү?
-Ээж минь дээл их сайхан оёдог хүн байсан. Аав минь харин багадаа тэмээний буйл зордог байсан гэдэг. Тэгэхээр бас аав ээжээс өвлөсөн юм бий байх. Гэхдээ би гарын ур гэж хэлэхээс зайлсхийдэг юм. Гарын ур гэхээсээ илүү бурхнаас заяасан нэг өгөгдөл хүн бүрт байдаг гэдэгт итгэдэг. Аав минь их хөдөлмөрч хүн. Бага байхаас л дагуулж яваад ажилд сургадаг байлаа. Би дөрөвдүгээр ангид байхдаа тарвага өвчдөг байсан юм. Тэгж хөдөлмөрч, аж ахуйч байдалд сургасны ачаар л би өдий зэрэгтэй яваа гэж боддог.
-Таны урласан тавилга цахим ертөнцөд хүмүүсийн анхаарлыг нэлээд татсан. Монгол сийлбэртэй тавилга хийдэг хүн танаас өөр бий юү?
-Сийлбэрийн урлаг анхнаасаа хэрэглээнээс бий болсон. Үүх түүхийг нь ухвал бүр чулуун зэвсгийн үетэй холбогдож, тэр тусмаа хадны сүг зургаас урьтсан байх учиртай гэж би боддог юм. Учир нь хүн хадан дээр тэмдэглэхээсээ өмнө өлсөхгүйн тулд хоол унд эрэлхийлж, ан ав хийдэг байсан байж таарна. Ан ав хийхийн тулд зэвсгээр чулуу сийлж, зорохтой зэрэгцэн сийлбэрийн ул суурь тавьсан байх. Манай уламжлалд гэхэд л авдар, гүнгэрваа гээд сийлбэр хэрэглээтэй салшгүй холбоотой. Тиймээс ч би энэ уламжлалыг өнөө цагт хэвээр авч үлдэх гэсэндээ мөлхөө тавилгыг монгол сийлбэрээр хийсэн. Бид хэдий өнөө цагт авдар эргэнэг хэрэглэхээ больсон ч үндэсний уламжлалаа гээлгүй авч явах ёстой. Тиймээс өргөн хэрэглээ болсон мөлхөө тавилгыг монгол сийлбэртэй хийх санаа төрсөн. Гэхдээ би үүнийг ганцаараа санаачлаад хийж байгаа юм биш. Надтай адилхан уламжлалт сийлбэрийг орчин үеийн тавилгатай хослуулан урладаг хүмүүс бий.
Тавилгынхаа зургийг Фэйсбүүкт тавихад 18 000 хүн лайк дарсан байна билээ. Энэ гэхдээ миний хийсэн хоёр дахь тавилга. Эхний тавилгыг дүү маань худалдаж авсны дараа дахин хийсэн юм. Хүн хоног хугацаа өнгөрөх тусам хөгжиж байдаг болохоор хоёр дахь удаагаа сайжруулж, арай өөрөөр хийсэн. Шургуулгын бариулыг нь гэхэд л өөрөө дархаллаа. Хятадын бэлэн бариулууд монгол хээтэй өнгө, хэлбэр нь огт зохицдоггүй юм байна. Энэ мэт шалтгаанаар дархны урлалаас суралцах зайлшгүй шаардлага гарах юм. Тиймээс сүүлийн үед найзуудаараа заалгаж дархны урлал хийж байгаа.
-Энэ тавилгыг хэдэн өдөр хийсэн бэ?
-Ажлынхаа завсар зайгаар хориод хоногт хийсэн.
-“Захиалгаар хийх үү” гэж цөөнгүй хүн асуусан байсан. Хүмүүс монгол сийлбэртэй тавилга хийлгэх хүсэлт тавьж байна уу?
-Хүмүүс нэлээд залгаж байгаа. Үнийг нь сонсоод “Гоё юм аа” гээд л утсаа тавьдаг.
-Манайханд монгол бараа, бүтээгдэхүүн гэхээр л хямд байх ёстой гэсэн ойлголт хэвшмэл байдаг. Түүнээс л болсон байх даа.
-Тийм шүү. Манайханд тийм ойлголт түгээмэл байдаг. Тэр ч байтугай хэдэн сая төгрөгийн үнэтэй гутал, хувцас, аяга, халбага хэрэглэж байгаа хэрнээ нэг гүнгэрваа хийлгэхдээ “Үнэтэй байна, жаахан хямдруулчих” гэдэг. Гэтэл эдэлж, элээгээд л барах хувцастай харьцуулахад сийлбэр гэдэг үе дамжин хадгалагдаж, үнэ цэнэ нь улам өсөх урлагийн бүтээл гэдгийг хүмүүс тэр бүр ойлгодоггүй.
-Урд хөршөөс авчирч зардаг тавилгуудтай харьцуулахад эрүүл мэндэд нөлөөлөх байдал нь ч өөр байдаг уу?
-Тэгэлгүй яах вэ. Гадуур зараад байгаа тавилгуудыг модны үртэс шахаж, цавуугаар бэхжүүлж хийдэг. Тэгэхээр тэр бэхжүүлж буй химийн бодис нь тодорхой хэмжээгээр эрүүл мэндэд нөлөөлж л байгаа. Цэвэр модон тавилганы үнэр хүртэл өөр байгаа биз. Манай урлангийн хаалгыг татахад л модны үнэр үнэртдэг. Тэр бүү хэл биед модны үнэр шингэчихсэн байдаг юм билээ. Гадуур явахад хүмүүс “Чамаас юу үнэртээд байна вэ” гэж их асуудаг.
-Гаднаас ороод ирэхэд их сайхан үнэртэж байна. Ийм сайхан үнэртэй орчинд амьдрахад сэтгэл санаа ч тайван байхаар юм байна.
-Манай талхны сав хүртэл сийлбэртэй модон сав бий. Үнэрээс гадна үндэсний уламжлал урлаг шингэсэн ийм орчинд өсөж байгаа хүүхдүүдийн сэтгэлгээ ч өөр байх болов уу гэж би боддог юм.
-Таныг “Маск Бажгаа” гэдэг гэсэн. Яагаад тийм нэртэй болсон юм бэ?
-Хананд өлгөх чимэглэл багнуудыг барууныхан их сонирхдог шүү дээ. Би цамын багнаас санаа авч, үндэсний хээ угалз оруулан баг хийдэг юм. Тэгээд л танилууд болон дүрслэх урлагийн салбарынхан маань “Маск Бажгаа” гэх болсон. Уран бүтээлч бүрт нэрийн хуудас болсон нэг онцлог байдаг. Миний хувьд багнууд дээрээ хээ сийлж, модыг эвэртэй хоршуулан хийдэг.
-Ийм баг хийдэг өөр сийлбэрчид байдаг уу?
-Зөндөө бий. Би ганцаараа хийсэн байлаа ч санаачилсан, анхдагч нь гэж хэлж болохгүй. Учир нь бидэнд сийлбэрийн баялаг их түүх уламжлал бий. Тэр уламжлал дээр түшиглэн бид өнөөдөр хийж бүтээж байгаа хэрэг. Багны хувьд арьс, чулуу, төмөртэй хослуулан хийдэг хүмүүс цөөнгүй бий.
-Сийлбэрийг монголчуудаас илүү гаднынхан сонирхдог юм шиг санагддаг. Танд тийм хандлага хэр ажиглагдаж байна вэ?
-Манай төр засаг ч сийлбэрийн урлагийг төдийлэн дэмждэггүй. Сийлбэрийн нэг ч уралдаан тэмцээн болдоггүй орон шүү дээ. Харин багшийн маань үзэсгэлэн жил бүр гардаг юм. Үзэсгэлэнд нь модон, элсний, мөсөн, чулуу, яс гэх таван төрлөөр шавь нар оролцдог.
-Тэгэхээр сийлбэрчид ямар түвшинд яваагаа мэдэх боломжгүй байх нь ээ?
-Гэхдээ манайхан олон улсын уралдаан тэмцээнд оролцдог. Сүүлийн үед мөсөн сийлбэр хурдацтай хөгжиж байгаа. Мөсөн сийлбэрийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авсан шүү дээ. Одоогоор олон улсын тэмцээнээс 30 гаруй шагнал аваад байна.
-Манай сийлбэрчид тэгвэл дэлхийд үнэлэгддэг юм байна шүү дээ. Модон сийлбэрийн хувьд бусад оронд ямар үнэлэмжтэй байдаг вэ?
-Манай модон сийлбэр харьцангуй эртний уламжлалтай. Мэдээж баруунд ч бас өөрийн онцлог хэв маягаар хөгжсөн байгаа. Гэхдээ бусад орныхон манай сийлбэрийг их сонирхдог. Ирж ажиллаач гэсэн санал ч цөөнгүй ирдэг. Саяхан надад Германд очиж ажиллах санал тавьсан. Нэг найз маань Өвөрмонголд ажиллаж байна. Гаднын орнуудад монгол сийлбэрчдийг урьж ажиллуулахдаа орчин, шаардлагатай тоног төхөөрөмж, хангалттай цалин гээд бүх зүйлээр хангаж, зөвхөн уран бүтээлээ л хийх боломж олгодог. Манайд бол хэрэглээний зардлаа олох гээд захиалгаар сийлбэр хийдэг учраас яг уран бүтээлээ тууштай хийгээд суух боломж олддоггүй нь харамсалтай.
-Тэд ямар учраас монгол сийлбэрчдийг ажиллуулах хүсэлтэй байдаг юм бол?
-Хэдийгээр тэдэнд сайн тоног төхөөрөмж, чадварлаг сийлбэрчид байгаа ч монгол ахуйд өсөж, сэтгэлгээ мах цусанд нь шингэсэн хүн шиг урлаж чадахгүй. Бид ч барууны сийлбэрийг тэдэн шиг амилуулж чадахгүй. Учир нь бид яг тэдэн шиг сэтгэж чадахгүй. Тиймээс л тэр монгол ухаанд суралцаж, арга барилыг нь эзэмших гэж урьж байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр эндээс нэг гэр хийлгээд ачаад явснаас сийлбэрчийг аваад явах нь тэдэнд хамаагүй ашигтай.
-Та гадаадынхны урилгад ямар учраас татгалздаг юм бэ?
-Бид хэдэн зуун дамжиж ирсэн уламжлал, өв соёлоо хамгаалж үлдэх, үр хойчдоо өвлүүлэх учиртай. Гадагш нь зөөгөөд байвал Монголын гэх нэг ч зүйл үлдэхгүй болох нь байна шүү дээ.
-Сийлбэр хийгээд суухаар цаг хурдан өнгөрдөг үү?
-Сийлбэр гэдэг бол тэвчээрийн урлаг. Би ихэвчлэн 09.00 цагаас 23.00 цаг хүртэл сууж сийлбэрээ хийдэг. Тэгэхээр ажлын найман цагаар бодвол сийлбэрч хүн бусад хүний гурван өдөрт хийдэг ажлыг хоёр өдөрт хийдэг байгаа юм. Сийлбэрийг хасах урлаг гэдэг л дээ. Бүхэл модыг зорж хассаар бүтээл болгоно. Баримал бол нэмж хасах урлаг. Нэг морь хийж байгаад хамар нь жаахан буруу болчихвол нэмж шаваад дахиад засаж хийж болно. Сийлбэр бол хасах урлаг учраас алдаа гаргах эрхгүй. Нэг л алдаа гаргавал дахиад л эхнээс нь хийх болдог. Тиймээс л тэвчээрийн урлаг гэж байгаа юм.
О.УНДАРМАА