Монголын урлагийн сор болсон уран бүтээлчдийг бэлтгэдэг Хөгжим бүжгийн коллежийнхон ирэх сарын 5-нд И.Штраусын “Сарьсан багваахай” опереттаг тоглохоор болжээ. Саяхан буюу дөрөвдүгээр сарын 10-нд “Үнсгэлжин” балетыг үзэгчдийн хүртээл болгосон тус сургуулийнхан 120 хүний бүрэлдэхүүнтэйгээр бэсрэг хошин дуурийг амилуулна. Найрал дуу, харилцан яриагаараа бусад дууриас ялгардаг опереттад мэргэжлийн өндөр ур чадвартай жүжигчид тоглодог. ХБК-ийн хувьд төгсөгчид нь 100 хувь ажлын байраар хангагдаж, төгсөнгүүтээ мэргэжлийн тайзнаа чадвараа нотолж, басхүү олон улсын уралдаан, тэмцээнээс шагнал хүртдэг өндөр зэрэглэлийн сургалтын хөтөлбөртэй учраас төгсөлтийн дипломын ажлаа дуулаачид нь дууриар, бүжигчид нь балетаар хамгаалж байгаа нь энэ юм.
Энэ дуурийн найруулагчаар Г.Эрдэнэбаатар ажиллаж байгаа бол хормейстр нь Б.Нандинцэцэг, удирдаач нь урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбат юм.
ХБК-ийнхон дуурь тоглосныхоо маргааш нь буюу тавдугаар сарын 6-нд ДБЭТ-т “Сонгодог бүжгийн үдэш” тоглолт хийх бөгөөд энэ үеэр тус сургуулийн дүүргэж буй балетын жүжигчид дэлхийн сонгодог бүжгийн дээжсийг толилуулна.