Хар багаасаа найзалсан ухаалаг Төгөлдөр, бүтэлгүй Санчир, хүүхэмсэг Цэрэндалай гурвын адал явдал хэрхэн үргэлжилж буйг харуулсан “Гурван найз: Яасан байх нь уу?” уран сайхны киноны нээлт өчигдөр боллоо.
“Өргөө” кино театрын дэлгэцнээс шалтгаалаад тэр үү кино арай бараан өнгөтэй гарсныг эс тооцвол “Боловсрол суваг” телевизээр үзэж байсан олон ангит киноны үргэлжлэлийг шимтэн үзэх сонирхолтой байлаа.
22 жил үерхсэн найзууд баяраа тэмдэглэхээр уулзаж байгаагаар киноны үйл явдал эхэлдэг. Хэзээний охид, бүсгүйчүүдэд нүдээ унагаж явдаг Цэкү баярын өдрөө гурвуулхнаа тэмдэглэхгүйн тулд үе тэнгийн гурван бүсгүйг ширээндээ урьж авчирдаг. Найз бүсгүй, сүйт бүсгүй, эхнэртэй болсон гурван залуугийн энэ зүггүйтэл тэднийг сайн зүйлд хөтөлсөнгүй. Шөнийн шоу, будлиантай учралын үрээр санаанд багтамгүй их мөнгөний өрөнд орж, эцэстээ бөөрөө зарахад хүрнэ. Мөнгөө алдсан хүн авах гэж нэхэх нь аргагүй ч нэг төгрөг ч аваагүй гурван найз түүнийг нь төлөхийн тулд байр, машин, гэр бүлийнхнийхээ үнэтэй бүхнийг зардаг. Хамгийн чухал нь тэдний нөхөрлөл мөнгөнөөс үнэтэй, хүчтэй, тэр ч бүү хэл биеийнхээ эрхтэнг ч зориулах хэмжээний чухал гэдгийг энэ киноноос үзэх боломжтой. Хөнгөн хошигнол, оновчтой дүрийн сонголт нь кино үзэх хүслийг эрхгүй төрүүлнэ. Энэ кинонд “Эмоци” продакшны жүжигчдээс гадна Б.Баатархүү, А.Туяа, “Х Түц” продакшны жүжигчин Т.Бархүү, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Б.Баттөмөр, “Шинэ үе” продакшны жүжигчин М.Ганбаяр, “Маск” продакшны жүжигчин А.Дэлгэрсайхан,Б.Алдар нар тогложээ.