Ингэхийн тулд тос нэмэх хэрэгтэй гэвэл хачин сонсогдож байна уу. Нэг аяга цагаан будаа ойролцоогоор 200-240 ккал илчлэгтэй гэхээр дорвитой цадах хоол биш ч, хангалттай таргалах хүнс гэдэг нь илт. Тэгсэн атлаа илчлэгийг нь бууруулахын тулд тос нэмнэ гэхээр бараг бордоо болох биш үү. Гэтэл тосонд нь хамаг учир байгаа гэнэ. Шри-Ланкийн Химийн шинжлэх ухааны сургуулийн эрдэмтэд будаанд агуулагддаг цардуулыг бууруулж, илчлэгийг нь багасгах арга олжээ.
Тэд дэлхийн өнцөг булан бүрт ургадаг 38 төрлийн будаагаар илчлэг багатай хоол хийх боломжийг судалжээ. Ингээд элдэв жор гаргаж, туршсаны дүнд кокосын тос, будаатай зохицол сайтайн дээр илчлэгийг нь бууруулдгийг нь тогтоосон байна. Будаа агшаахдаа цайны халбага дүүрэн кокосын тос нэмээд сайтар хутгана. Болсных нь дараа сайтар хутгаж, задлаад хөргөгчид 12 байлгах гэнэ. Ингэж бэлтгэхэд цагаан будааны цардуул энгийн аргаар агшааснаас 10 дахин багасаж, илчлэг чанар нь 50-60 хувь буурдаг гэж эрдэмтэд зөвлөжээ. Ер нь халуун будаанд глюкозын бүтэц хосолсон байдаг бол хөрсний дараа харин молекулууд нь нягтарч, шингэцтэй болдог гэнэ. “Шидэт” тостой агшаасан цагаан будааг халаахад илчлэг нь нэмэгдэнэ гэж айлтгүй юм байна.
-Бурхны хоол хэмээдэг будаанд шингэдэг болон шингэдэггүй гэсэн хоёр янзын цардуул агуулагддаг. Яагаад ингэж ангилав гэхээр хоёр дахь төрлийн цардуулыг нь шингээх ферментийг бидний бие махбодь ялгаруулдаггүй юм байна. Харин нэг дэх нь биед шингэж, цусанд чихэр болон задарна. Шингэдэг цардуулын хэмжээ ихсэх тусам тухайн бүтээгдэхүүний илчлэг нь нэмэгдэнэ гэсэн үг. Ер нь цардууллаг нүүрс ус нарийн гэдсэнд задарч, дийлэнх нь глюкоз болон цусанд очино. Үлдсэн нь илүүдэл өөх, тос болон хуримтлагддаг аж.
Кокосын тосыг зөвхөн цагаан будаа гэлтгүй илчлэг ихтэй хоол, хүнсэнд хийхэд илчлэгийг 60 хувиар бууруулдаг гэнэ.
Эрдэмтдийн зөвлөснөөр мөн төмс, гоймон зэрэг цардуул ихтэй хүнсийг болгосныхоо дараа бага зэрэг кокосын тостой хутгаад, хөргөгчид 24 хүртэл цаг байлгаарай. Ингэснээр цардууллаг чанар нь буурч, тэр хэрээр илчлэг нь багасна. Халуун төмсний цардуул шууд өөх тос болдог бол ийнхүү хөргөсний дараа харин зөв шингэдэг байна. Кокосын тос зөвхөн илчлэгийг буураад зогсохгүй гэдсэн дэх ашигт нянгуудын амьдрах орчныг таатай болгодог аж.
-Кокосын тос
Эртний египет, энэтхэг, индианчууд эмийн журмаар хэрэглэдэг байсан кокос олон шидтэй. Клеопатра эл ургамлын тосоор арьс, үсээ арчилдаг байж. Кокосын нарийн ширхэгт хальсны дор ойролцоогоор 12 мм зузаан, цагаан, үйрмэгтсэн давхарга бий. Түүний 67 хувь олон төрлийн тосон хүчил агуулсан нь тос байдаг аж. Энэхүү тосонд бетаин зэрэг чухал нэгдлээс гадна А, Е, B1, B2, B3, К, С аминдэм, төмөр, кальци, фосфор гэх мэт эрдэс бодис агуулагддаг. Бетаин бол В12 аминдэмийг дэмжигч бөгөөд бодисын солилцоонд чухал үүрэгтэй нэгдэл.
Мөн төрөл бүрийн эмгэг үүсгэгч нян, вирус, хомхой, мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй лаурины хүчил агуулдаг учраас кокосын тос арьсны эрүүл мэндэд чухал үүрэгтэй. Тиймээс гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд чухал түүхий эд болдог аж. Ер нь гадна, дотор бүх эрхтэнд чухамхүү эмч гэнэ. Үүнээс гадна эл тосыг хоол хүнсэнд хэрэглэхэд чидуны тосноос дутахгүй аатай сайн аж. Өглөө босоод, унтахаасаа өмнө цайны халбага кокосын тосоор амаа 5-20 минут зайлбал дархлааны систем сайжирч, арьс толийж, амны хөндий цэвэршиж, шүд цайрахаас гадна эвгүй үнэргүй болдог гэнэ.