Шөнө тэнгэрт өч төчнөөн гэрэл цацарч, ёслолын буудлага хийж буй мэт гайхалтай харагддаг нэгэн үзэгдэл бол солирын бороо юм. Тэнгэрт гэнэт гарч, гялбуулдаг тэр их гэрэл хаанаас гардаг юм бол. Солирын бороо гэж чухам юуг хэлээд байна вэ. Тун энгийн үгээр тайлбарлах юм бол гариг хооронд орших жижиг чулуун хэлтэрхийнүүд болон тоосонцруудын бөөгнөрөл болох солирууд дэлхийн агаар мандалд нэвтрэхдээ асар их халж, шатасны улмаас хурц гэрэл гарган, ууршдаг. Үүний улмаас 80-130 км өндөрт үүссэн гэрлийн үзэгдийг солирын бороо гэдэг аж.
Ийн олон зүйл нуршсаны учир нь огторгуйн онц сонирхолтой эл үзэгдэл өнөө өглөө Монголын цагаар 08.00-ийн үед, ертөнцийн зарим хэсэгт шөнө дөлөөр боллоо. Лиридийн солирын бороог Америк, Европ тивийнхэн ажиглах боломжтой байсан бөгөөд НАСА шууд дамжуулах талаараа өмнө нь мэдээлсэн байсан. Солирын бороо нь хэдхэн минутаас хэдэн өдрийн турш орох тохиолдол байдаг аж. Тэгвэл энэ удаа уг үзэгдэл хэд хоногоор үргэлжилж буй. Энэ сарын 16-наас эхэлсэн бөгөөд эхний хэдэн өдөр цагт цөөн тооны солир “хальж” байжээ. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр энэ сарын 25 хүртэл үргэлжлэх солирын борооны оргил үе нь өнгөрдөг шөнө тохиожээ.
Солирын борооны оргил үе гэж байдаг аж. Энэ үед нь нэг цагийн дотор хэдэн зуун солир шатдаг юм байна. Жишээ нь, 2009 онд Персейдийн солирын борооны үед нэг цагт 173 солир харвасан гэнэ. ээ. Ер нь солирын бороог анх МЭӨ 687 онд ажигласан тухай эртний Хятадын сударт тэмдэглэсэн байдаг.
Дашрамд өгүүлэхэд, солирын тухай сонирхолтой мэдээллийг товчлон хүргэе. Америкийн одон оронч Хорас Таттл, судлаач Левис Свифт нар 1862 онд нэгэн сүүлт одыг илрүүлснийг Свифт- Таттл/109P хэмээн нэрлэсэн байдаг. Эл сүүл од дэлхийд дахин ойртсон 1992 онд Японы одон оронч Цүрүхико Киүти ажиглаж, сонирхолтой нээлт хийжээ. Свифт- Таттл/109P дайрч өнгөрсөн зам дагуу ангал үүсэж буй мэт орон зай хуйлрах үзэгдэл үүсэж, түүнд нь огторгуйн том, жижиг олон сая биет татагдан, бөөгнөрсний улмаас үүлэнцэр бий болжээ. Киүтигийн тайлбарласнаар үүнийг солирын урсгал гэдэг аж. Дэлхийн татах хүчинд орсон солирууд галт бөмбөлөг болон унадаг. Үүнээс үүдэн газрын гадарга дээр ухсан мэт нүх үүсдэг. Тэрийг солирын тогоо гэдэг аж. Монголд нэлээд эрт үүссэн иймэрхүү тогоонууд бий.
Одон оронтой холбоотой өөр мэдээ дуулгая. Ер нь энэ хавар тэнгэрт сонирхолтой олон үзэгдэл болох юм байна. Хамгийн ойрынх гэвэл, энэ сарын 28-29-нд болох нарны хиртэлт. Тэр үед наран авхай цагариг хэлбэртэй харагдах аж. Нар, дэлхий хоёрын хооронд сар орохыг нар хиртэлт гэдэг. Жилд 2-5 удаа ийм үзэгдэлт болдог аж.
Нар хиртэлтийг бүтэн /Нар саранд бүтнээрээ халхлагдана/, хүрээт /Нар, сар хоёр нэг шугаманд давхцана. Сарны харагдах хэмжээ нарныхаас жижиг тохиолдолд нар цагираг шиг харагдана/, холимог /бүтэн, хүрээт хиртэлтийн холимог/, хагас /нар, сарны байрлал давхцаагүй үе/ хиртэлт гэж ангилдаг. Сар дэлхийд хамгийн их ойртох үед нар бүтэн хиртэх бөгөөд энэ жилд 2-оос илүүгүй тохиодог.
Ирэх сарын 6-нд Эта-Акваридын солирын бороо ертөнцийн өмнөд хэсгийнхнийг шалба “норгох” нь. Дараа нь 10-нд Санчир гариг нарны эсрэг талд байрласнаар аварга том болж харагдана. 24-нд мөн л солирууд дэлхийд бөөнөөрөөр “сорогдон” шатах үзэгдэл болно. Маргааш нь Буд гаригийг энгийн нүдээр ч ажиглах боломжтой. Нар жаргаснаас хойш тэнгэрт нэг цаг орчим “зугаалах” тус гариг үл ялиг шаргал туяатай харагдах гэнэ.