Буддын их, бага таван ухааныг номлодог шинжлэх ухаанч шашин гэгддэг бурхны шашныг Монгол Улсын нийт хүн амын 91.6 хувь нь шүтдэг гэсэн судалгаа бий. Тиймээс Монголд буддын соёлын музей байгуулснаар өөрийн оронд төдийгүй төв Азид бурхны шашны гүн ухаан, зан үйлийг сурталчлах, танин мэдүүлэх, улмаар үүгээрээ дамжуулан жуулчдын сонирхлыг татах ач холбогдолтой гэж нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрынхан үзжээ. Тэд Лениний музейг буддын соёлын төв болгохоор төсөл санаачилж, нийслэлийн ИТХ-д танилцуулаад байгаа бөгөөд тэндээ анхдугаар Богд өндөр гэгээн Занабазараас эхлээд YIII Богд Жавзандамба хутагт хүртэлх бурхны шашин цэцэглэн хөгжиж асан үеийн урлагийн бүтээл тэргүүтнийг дэлгэх гэнэ. Тухайлбал, Өндөр гэгээн Занабазарын алдартай бүтээлүүд болох Цагаан, Ногоон Дарь эх, Баджара Будда судар болон “Соёмбо” үсгийг уг соёлын төвд байршуулан, нийтэд үзүүлэх юм байна. Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн түүний мэндэлсний 370 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.
Лениний музейн байрны төлөвлөлт, уран барилгын жижиг зохиомжууд нь үндэсний хэв шинжийг агуулсан байдгаас гадна монгол архитекторуудын ур ухаанаар уламжлалт хэв маягийг шингээн бүтээсэн байгууламж юм байна. Тиймээс музейн зориулалттай баригдсан, 7750 ам метр талбай бүхий, дотроо үзмэр, үзүүлэнгийн болон кино-лекцийн танхимуудаас гадна номын сан зэрэг үйлчилгээний олон өрөө тасалгаатай, үзмэрээ хадгалах зориулалтын өрөө, витрин, хоргон самбартай энэхүү барилга дээр түшиглэн Монголын буддын шашны соёлын музей байгуулахаар төлөвлөжээ. Музейн урд хэсэгт газар доор хоёр давхар, 320 автомашины зогсоол байгуулахын зэрэгцээ дээр нь 1400 ам метр талбайд худалдаа үйлчилгээний цогцолбор байгуулахаар төлөвлөсөн байна.