Хайраас хүчтэй, шидтэй нь үгүй гэх. Гэсэн ч хайраа харамласаар, хаа нэгтээ хадгалсаар тэр нь хэн нэгэнд үгүйлэгдсээр байх ажээ. 1988 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа найруулагч Э.Санчигдангийн найруулгаар үзэгчдийн хүртээл болсон ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг ирэх сарын 8-нд тоглоно. Энэ жүжгийг сэргээх төслийн найруулагчаар Ч.Найдандорж ажиллаж байгаа бөгөөд тэрбээр найруулагч Э.Санчигдангийн дотнын анд юм.
Харин анх энэ жүжгийн зураачаар ажилласан Б.Төмөрхуягийн хүү Т.Аянга энэ удаа аавынхаа уран бүтээлийг үргэлжлүүлэн, сэргээж буйгаараа мөн онцлогтой. Жүжгийн хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуяг бичжээ. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн энэ жүжигтээ хүн хүнээ үгүйлэн, хайрлах сэтгэл хомсдож байгаа тухай өгүүлсэн бөгөөд нийслэл хотын жирийн нэгэн гэр бүл Базарынхтай холбоотой олон үйл явдлаар жүжиг өрнөдөг.
Базарын гэрт түүний төрсөн дүү Отгоолой хамт амьдардаг. Архичин хэмээн дуудуулдаг цайлган цагаан сэтгэлтэй залуу. Харин Базарын гэргий Төгсөө хадам ээжийнхээ захиасыг биелүүлж Отгоолойг харж хандаж яваа сайн бэр. Хэдий сайн бүсгүй боловч төрсөн охиноосоо “Үхсэн ч би таны нэрийг дуудахгүй” гэсэн хатуу үг сонсох хувь түүнд л ногдоно. Энэ гэр бүлийнхэн архичин Отгоолойг амьдралын садаа, аз жаргалыг үгүй болгогч гэж бодож байгаа ч үнэндээ хайр л үгүйлэгдээд байгаа хэрэг.
Сайн зохиолын санаа хэзээ ч хуучирдаггүй хэмээн найруулагч нар ярьдаг. Тэгвэл хайр үгүйлэгдсээр байгааг, хайрыг харамлах хэрэггүйг ойлгуулах энэ жүжгийн гол дүрд Л.Дэмидбаатар, Г.Амгаланбаатар, Б.Болормаа, Г.Алтангэрэл, Б.Золжаргал, Б.Одончимэг нар тоглоно.
УДЭТ-ын уран бүтээлчид Дархан-Уул, Орхон, Сэлэнгийн үзэгчдэд уран бүтээлээ толилуулахаар явсан бөгөөд эргэж ирэнгүүтээ сэргээн шинэчилсэн “Үгүйлэгдсэн хайр” жүжгээ тоглох юм.
Ж.СОЛОНГО