Сүхбаатар аймгийн ууган сургуулиудын нэг болох 1-р бүрэн дунд сургуулийн түүхт 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан "Эрдмийн өргөөний эгшиглэнт аялгуу" багш сурагч, төгсөгчдийн хамтарсан тоглолт Улаанбаатар хотноо “UB palace”-ын концертын их танхимд 4-р сарын 19-нд амжилттай болж өндөрлөлөө. Энэ өдөр арван жилээрээ овоглосон үе үеийн эрдэмтэн багш нар, ажилтан ажиллагсад, нэгэн дээвэр дор хуран цуглаж, сургуулиа, сурагч ахуй үеэ дурсч, хүүхэд насандаа эргэн нэг зочилцгоосон юм.
Ерөнхий найруулагчаар МУУГЗ Л.Гомбосүрэн, бүжгийн багшаар СТА н.Оюунтуяа, Н.Алтантуяа, дуу хөгжмийн багшаар СТА Ц.Оюун, Л.Баттайван, н.Чулуунхүү нар ажилласан энэхүү тоглолтын үзүүлбэр бүр үзэгчдийн нижигнэсэн алга ташилтаар шагнуулж, авъяаслаг багш, сурагчдаараа нутгийнхан нь бахархаж байлаа. Тоглолтод МУГЖ Э.Амартүвшин, “Никитон” хамтлаг, “Увертюра” хамтлаг, СТА Р.Билэгт, О.Батболд, н.Хатанбаатар, дуучин Э.Мөнхцэцэг, н.Мөнхбаяр, н.Батбаяр, Ц.Соёлоо нар урилгаар оролцож, хөг нэмсэн юм. Сургуулийн захиргааны санаачилгаар хийгдсэн уг тоглолтыг Сүхбаатар аймгийн 1-р 10 жилийн төгсөгчдийн холбоо хамтран зохион байгуулжээ.