АНУ-ын Лос-Анжелес хотын “Шрайн Аудиториум” театрт ганцхан удаа тавигдсан “Аниргүй нулимсыг хайрлахуй” дэлхийн шилдэг мюзиклийн Монгол дахь албан ёсны нээлт Төрийн ордны их танхимд маргааш 14.00 цагт болох юм байна.
Уг мюзиклийг Гриммийн 15, Оскарын гурав, Тонигийн гурав, Эммигийн гурван удаагийн шагналтнууд, нийтдээ 16 орны урлагийн одод, хөгжмийн зохиолч, найруулагчид хамтран бүтээжээ.
Энэхүү гайхамшигт тайзны бүтээл нь хүн хүнээ хайрлах, хүн бүрийн дотоодод байдаг ариун нандин чанарыг эрэлхийлсэн гүн агуулгатай юм. Мөн энэ өдөр тус мюзиклийн Монгол хэлээр орчуулагдсан номын нээлт, үнэт эдлэлийн үзэсгэлэн, веган буюу ургамлан хоолны хүлээн авалт зэрэг цогц арга хэмжээ зохион байгуулагдах аж.
Мюзиклийг Монголын урлаг, соёл, төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, олны танил эрхэмүүд урилгаар үзэж сонирхох юм байна.