Сараа сэхүүн салхи. Тэр зоргоороо амраг. Сараа бол бороо, бас тайтгарал. Тэр ерөөс хавар, намар. Эсвэл бүр хатан хаан. Түүний дуунууд эзнээ ийн тодорхойлж байна.
Монголын рок поп урлагийн тайзнаа 30 дахь жилдээ дуулж байгаа Сараагийн фенүүд харин одоо ч “гал улаан” хэвээрээ ажээ. Хайртай дуучныхаа уламжлалт төрсөн өдрийн тоглолтыг тэсэн ядан хүлээсэн үзэгчид 19.30 цаг гэхэд хэдийнэ хүний, өөрийн гэлтгүй нэг нэг суудал эзэлчихсэн, хоцорч очсонууд нь энэ үдшийг зогсоогоороо өнгөрөөхөөс өөр аргагүйд хүрч байв. Гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн төрсөн өдөр бол зөвхөн түүний, шүтэн бишрэгчдийнх нь бус, нийт рок попынхны баяр болдог. Тэр байтугай, зууны манлай уртын дуучин, Хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад гуай өөрийн биеэр морилон саатаж, тэгэхдээ бүр “Зүүдний говь”-ийг түүнтэй хамт дуулж байсан түүх бий.
Энэ удаад тэр “Сэхүүн салхи” тоглолтоо Бөхийн өргөөнд хийв. Нийтийн дуучдын бүүвэйнд “дассан” Бөхийн өргөөг поп хатагтайн гайхамшигт дуунууд, түүний үнэнч шүтэн бишрэгчид нь доргион чичрээж байгаа тохиолдлын анхных биш аж. Гавьяат жүжигчин Б.Сарантуяа Улаанбаатар хот, 21 аймаг болон дэлхийн 15 оронд нийтдээ 48 тоглолтыг 195 удаа толилуулахдаа зургааг нь энэ тайзнаас үзүүлж байжээ.
“Хэн мөнхөд хайрлаж чадах вэ”, “Хатан хаан”, “Сэхүүн салхи”, “Шүүдрийн ганцхан дусал” гээд Сараагийн хамгийн эрхэмсэг, онцгой, нуулгүй хэлэхэд атаархмаар эрх чөлөөтэй хувь шинжийг нь илэрхийлдэг дуунуудаар тоглолт эхэллээ. Аргагүй л сайн найз Б.Ангирмаа нь түүний төрсөн өдрийн тоглолтыг найруулсан юм болохоор Сараагийн үзэгчдэд зориулж юу хийх, яахаа тэр мэдэлгүй дээ. Амьд хөгжмийн “Rendom” болон ардын урлагийг орчин үеийн урсгал чиглэлтэй хослуулсан “Олонхи” хамтлаг, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид түүний тоглолтын өнгө төрх, уур амьсгал, хөг донжийг тодорхойлж байв. Тэдний ид хаваар тайгын Содура охины амьдрал нүдний өмнө дахин тодорч, 20-иод жилийн тэртээх “Салхины хээ”-нд шинэхэн мэт илбүүлэн мансуурч суулаа.
“Сэхүүн салхи”-ны хамгийн том сюрприз бол Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Аав, ээж хоёр минь” хэмээх хоолойн чадал шаардсан мундаг бүтээлийг дуучин хайрт ээждээ зориулан дуулсан явдал байв. “Шарав гуай энд ирсэн, үгүйг мэдэхгүй байна. Ямар ч байсан түүний зохиосон гайхамшигтай дууг та бүхэндээ чадан ядан дуулж сонирхуулъя” гэж хэтэрхий даруухан загнах хэрэг байсан юм уу, мэдэхгүй. Учир нь тэр чадна гээд л сонгосон байж таараа. Тэгээд чадсан учраас л Бөхийн өргөөнд цугласан 3000-аад хүн уухайлан алга ташиж, баяр хүргэлээ. Дуулах дуулахдаа бүр дуурийн дуучид яаж дуулдаг, яг тэр хэлбэрээр, тийм түвшинд нь хүртэл гүйцэтгэнэ гэдэг зууны манлай эстрадын дуучны л зангараг гэмээр. Энэ л магадгүй Сарааг өнгөрсөн олон жилийн хугацаанд “моодноос” гаргаагүй, хэн ч халдашгүй эрхэмсэг сэнтийд нь үргэлж залаатай байлгасны шалтгаан ч юм бил үү.
Эрхэм найздаа төрсөн өдрөөр нь чин сэтгэлийн бэлэг барих гэсэн олон уран бүтээлчийн дундаас олны анхаарлыг эрхгүй татсан нэгэн бол ая зохиогч, дуучин Б.Ангирмаа. Удаан хугацаанд тайзан дээр дуулаагүй түүний эгэл төрх, намуухан хоолойг үзэгчид үгүйлсэн бололтой. Олон жилийн өмнө найзтайгаа хамт дуулж байсан нэгэн дуугаа залуу дуучин Хишигжаргалтай хоршин толилуулсан энэ үзүүлбэр үзэгчдэд алга ташилт харамгүй хүртсэн юм.
...Миний амьдралаар чи амьдрахгүй
Миний зовлонгоор чи зовохгүй
Хатан хаан ч над шиг жаргахгүй
Харин чи над шиг дурлахгүй... тэр эрхэмсэг, бардамхан дуулж байна. Өөрийнх нь дуулдагчлан амьдрал түүнийг дуунд уярааж, алд биеийг нь дуугаар мялаасан болохоор хувь заяаны энэ аялгуу мөнхөд эгшиглэсээр байх биз ээ.