Монголын оюутны спортын холбоо /МОСХ/-ны “Универсиад-2015” их наадмын аэробик гимнастикийн тэмцээн дөрөвдүгээр сарын 17-нд ХААИС-ийн “Хатан туул” театрт болж шилдэг тамирчин, хос болон багийг шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль гардуулав.
МОСХ, Монголын гимнастикийн холбоо, ХААИС хамтран зохион байгуулсан тус тэмцээнд 12 их, дээд сургуулийн 68 тамирчин оролцож, эрэгтэй, эмэгтэй, хос, гурвалсан хос, степ гэсэн таван төрөлд өрсөлдсөн юм.
Эрэгтэйчүүдийн төрөлд У.Насанбаяр /ҮБТДС/ 20.400 оноо, Г.Сэргэлэн /МУБИС/ 19.700 оноо, А.Мөнхбаясгалан /“Мон-Алтиус” БТДС/ 18.400 оноогоор алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Эмэгтэйчүүдээс Б.Отгонтуяа /ҮБТДС/ 18.000 оноогоор тэргүүлж С.Дэлгэрмаа /МУБИС/ 17.150 оноогоор дэд байр, А.Номин /ОУУБИС/ 17.050 оноотой гуравдугаар байрт тус тус шалгарлаа.
Хосын төрөлд Б.Ичинхорлоо, А.Гантөгс /МУБИС/ нар аваргалж, Б.Отгонтуяа, О.Содгэрэл /ҮБТДС/, О.Сийлэгмаа, С.Ариунболд /ШУТИС/ нар хоёр, гуравдугаар байр эзэлсэн байна. Гурвалсан хосын төрөлд Б.Мягмаржав, О.Содгэрэл, У.Насанбаяр /ҮБТДС/ нар тэргүүн байр эзэлж, Г.Сэргэлэн, Б.Ичинхорлоо, А.Гантөгс /МУБИС/ нар дэд байрт, С.Ариунболд, Ө.Тэмүүлэн, Э.Бумбаяр /ШУТИС/ нар гуравдугаар байрт шалгарч хүрэл медалийн эзэд боллоо.
Аэробик гимнастикийн степийн төрөлд найман багийн тамирчид ур чадвараа сорьсноос С.Ариунболд, Ө.Тэмүүлэн, Э.Бумбаяр, Н.Алтан-очир, Б.Баясгалан, Э.Ананд, О.Сийлэгмаа, Т.Мичидмаа нарын бүрэлдэхүүнтэй Азийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт ШУТИС-ийн баг тэргүүн байр эзлэв. Удаах байрт ҮБТДС-ийн /О.Содгэрэл, У.Насанбаяр, Б.Мягмаржав, Н.Мөрөн, Б.Отгонтуяа, О.Эрдэнэдэлгэр, Г.Очмандах, Э.Жавхлантөгс/ баг, МУИС-ийн /З.Ариунзул, Б.Билэгсайхан, Д.Баярмаа, Д.Билэгсайхан, Г.Гантуяа, Б.Билэгт, С.Солонго/ баг тус тус шалгарч мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Байгууллагын нэгдсэн дүнгээр ҮБТДС тэргүүлж, МУБИС, ШУТИС-ийн багууд удаах байрт шалгарлаа.