Өөрчлөлт гэдэг хувь хүн өөрийн гадаад болон дотоод нөхцөл байдлыг мэдрэн, болох боломжийг бодит болгон хэрэгжүүлэхийг хэлнэ. Хувь хүний өөрчлөлтгүйгээр бусад юу ч өөрчлөгдөхгүй аж. Мөн өөрчлөлтгүйгээр дэвшилт гэж ч үгүй. Харин өөрчлөлт нь эерэг байх хэрэгтэй. Иймээс өнөөгийн нийгэмд нэн тэргүүнд өөрчлөх ёстой зүйл бол хүмүүсийн харилцаа. Бид нэгнийхээ л мууг үзэж байж өөрөө сайхан болчих юм шиг санана. Харин үүнийг устгах нэгдүгээр арга бол шалихгүй зүйл дээр нэгнээ уучилж сурах билээ.
Уучлал нь хорсол, бардамнал, өс хонзон, уур хилэн, үзэн ядалтын даланг сэтэлж, зөөлрүүлдэг зүйл. Бусдыг уучлахын тулд зүрхэндээ буй бардамналын асуудлаа номхруулах хэрэгтэй. Уучламтгай болсноор та гэр бүлийнхээ болон ажлынхаа уур амьсгалыг эерэг болгож чадна. Болохгүй, бүтэхгүй бүхнээр дүүрсэн энэ нийгэмд уучлал биднийг аварна. Нэгэндээ итгэж, уучлах зүрх байж сая стресс бага амьдарна. Үүнийг дэлгэрүүлэхийн өмнө нэгэн түүх өгүүлье.
Дунд сургуулийн багш сурагчиддаа нэгэн туршилтанд оролцох санал тавьсан аж. Мэдээж энэ нь хүүхдүүдийн сонирхолыг ихэд татсан учраас дуртай зөвшөөрлөө. Тэгээд багш нь дараагийн өдөр хүүхэд тус бүрийг таван кг төмс, гялгар уутан тор авчрах даалгавар өгч гэнэ. Маргаашийн хичээлд хүүхэд тус бүрийн ширээн дээр төмс болон гяргар уутнууд бэлэн болсон байв. Багш “за одоо та нар өнөөдрийг хүртэл үзэн ядаж байсан юмуу дургүй хүмүүсийнхээ нэрийг нэг нэг төмсөн дээр бичээд тор руугаа хий” гэж сурагчиддаа хэлэв. Ийн хэлээд удаа ч үгүй байтал зарим хүүхдийн торонд хэдхэн төмс орсон байхад заримынх нь бүр дүүрэн болсон харагдана. Хүүхдүүд торондоо төмсөө хийж дууссаны дараа багш нь “Одоо та нар тортой төмсөө хаа явсан газраа авч явна шүү, унтахдаа орныхоо хажууд тавь, автобусанд суухдаа, дэлгүүр явахдаа, тэр ч байтугай хичээлдээ ирэхдээ хүртэл авчраарай” гэж хэлэв. Энэ өдрөөс хойш долоо хоног өнгөрөв.
Багш ангид оров уу үгүй юу л “Багшаа ийм хүнд ачааг үргэлж барьж явах надад хэцүү байна, багшаа төмснүүд ялзарч эхэлсэн, би залхаж байна” гэх зэрэг үргэлжилсэн их гомдол тавьжээ. Гэтэл багш нь инээмсэнглэн: “Аливаа хүнийг уучлахгүй байх нь тэднийг бус өөрийгөө шийтгэж байгаа гэдгийг та нар минь ойлгосон гэж бодож байна. Ингэснээр бид өөртөө л хүнд ачаа үүрдэг” хэмээн хэлсэн гэдэг.
Хүн гэдэг амьтан энэ ертөнцөд ирээд амьдрах хугацаа нь дэндүү богинохон. Тиймээ, хүн бол байгалийн амьтан. Гагцхүү оюун ухаан, ухамсраараа л амьтнаас ялгаатай. Хүн байгальдаа л төрж, өсөж, үхэж уусан шингэдэг нь жам билээ. Энэ биеийг олж төрнө гэдэг юутай ч зүйрлэшгүй эрхэм зүйл гэж хэн хүнгүй л ярьдаг. Тэгсэн хэрнээ хүн шиг амьдарч чаддаг билүү?
Бид л хүсвэл энэ нийгэм тэр чигтээ эерэгээр өөрчлөгдөх боломжтой. Хийж буй үйлдэл, харилцаж буй үг хэллэгээрээ бусаддаа үлгэр дуурайл болон амьдрах тийм ч хэцүү зүйл биш шүү дээ. Бид эерэгээр өөрчлөгдсөнөөр бэрхшээл үүсээгүй байхад нь мултарч чадна. Тиймээс уучлал бол хамгийн эхний эерэг өөрчлөлт юм. Бусдаас юуг хүснэ түүнийг үйлдэх нь чухал тул хэзээ нэгэн цагт хэн нэгэн намайг уучлаасай гээд л бодоод явж байснаас өөрөө тэр боломжийг гаргаж өгөөрэй. Хэн нэгэнд туслах, өгөөмөр сэтгэл, боловсон зан бидэнд их үгүйлэгдээд байгаа шүү залуусаа. Эерэгээр өөрчилье.
HTML-