Хэрэглээгээ ухаалгаар зохицуулж, өрхийн төсвөө хэмнэх хүсэлтэй эзэгтэй нарт цахилгаан хэмнэх энгийн зөвлөгөө хүргэж байна.
• Хоол, цай хийх үедээ савныхаа тагийг тавихаа мартуузай. Саваа тагласнаар та эрчим хүчний хэрэглээгээ 2.5 дахин багасгана.
• Хоол хийдэг савны ёроолын диаметр цахилгаан зуухны халаах хэсэгтэй адил хэмжээтэй, цэвэрхэн, гөлгөр байх тусам цахилгааны хэрэглээг 60 хүртэл хувиар бууруулах боломжтой.
• Түргэн чанагч нь таны хоол бэлтгэх хугацааг гурав дахин хэмнээд зогсохгүй цахилгаан зарцуулалтыг хоёр дахин бууруулдаг.
• Цахилгаан зуухны халах хэсэг шатсан, эсвэл удаан халдаг бол яаралтай засуулах хэрэгтэй. Учир нь гэмтэлтэй цахилгаан зуух хоол удаан болгож, эрчим хүчний зарцуулалтыг 50 хувиар нэмдэг.
• Усны чанараас хамаарч данх болон ус буцалгагчны дотор тал бохирддог. Үүнийг сайн цэвэрлэх нь эрчим хүчинд хэмнэлттэй. Цэвэрхэн ус буцалгагч цахилгааныг 20 хувиар хэмнэнэ. Мөн хэмжээнд нь тааруулж ус буцалгавал цахилгаан хэмнэдэг аж.
• Хөргөгч нь хүчин чадлаасаа хамаараад жилд 500-1000 кВт цахилгаан зарцуулдаг. Хөргөгчний цахилгаан зарцуулалтыг багасгахын тулд хананд тулгаж байрлуулахгүй, халуун зүйл хийхгүй, мөстүүлэхгүй байхад хангалттай. Мөстсөн хөргөгч өмнөхөөсөө 50 хувиар их эрчим хүч хэрэглэдэг.
• Талх шарагчид талхыг халаах нь шарах шүүгээнд халааснаас 3-4 дахин бага цахилгаан зарцуулдаг.