Кидан гүрний үеэс Монголд үлдсэн түүхэн дурсгал болох Хэрлэнбарс хотын суваргыг сэргээн засахаар Соёлын өвийн төв, БНХАУ-ын Соёлын өвийн академи хамтран ажиллаж байна. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт, Хэрлэн голын эрэг дээр байдаг уг суваргын зургийг 3D хэмжээсээр баримтжуулан авч, аль хэсэгтээ хэр зэрэг эвдэрч гэмтсэнийг тэмдэглэж дуусчээ. Энэ суваргыг хөх тоосгоор барьсан тул адилхан технологитой тоосго хийн, сэргээн засахаар төлөвлөж буй аж. Эл суваргыг хоёр жилийн дотор сэргээн засах учиртай. Дурсгалыг сэргээн засах санамж бичгийг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Соёлын өвийн удирдах газартай 2014 оны зургадугаар сарын 10-нд Улаанбаатарт байгуулсан. Суваргыг сэргээн засах зардлыг БНХАУ хариуцаж байгаа юм.