Монголын залуучуудын холбооноос зохион байгуулж буй “Залуу хүн” цуврал лекц амжилттай үргэлжилж байна.
Энэ хаврын долоо дахь зочноор “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг уригдан, залуустай нээлттэй ярилцаж, тэдэнд урам хайрлав. Түүний лекцэнд дуучин Б.Баярцэцэг уригдан, “Содон аялгуу”-аар хөг эгшиг нэмлээ.
Тэрээр арван жилийн бяцхан охин байхдаа л Польш улсыг зорин Олон улсын зах зээл судлалаар төгссөн байна. Их сургуулийнхаа төлбөрийг олохын тулд Польш улсын Люблин хотод хувцасны наймаа эрхэлсээр амьдралын гараагаа эхэлж, насныхаа ханийг олсноор түүний амьдрал улам л баялаг болж, өнөөдрийн “Exclusive” брэндийг үүсгэн байгуулжээ.
Оюутан байхдаа тэтгэлэг авч, наймаа эрхэлсэн мөнгөөрөө машин худалдан авч байсан тухайгаа залуустай хуучлав. Түүний энэ бадрангуй, хичээл зүтгэлтэй чанар нь амьдралд хөл тавьж буй залууст хөлгүй их далайд завиа хэрхэн зөв залан, удирдах итгэл болоод сэтгэлийн их хүч өгч байсан нь илт байлаа.
“Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг “Хүүхэд байхдаа Польшид амьдарч байлаа. Зах дээр наймаа эрхэлж байгаад багштайгаа таарчихаад их ичиж билээ. Тэгээд нуугдчихсан. Сүүлд багш маань намайг дуудаад “Маяа чи яагаад ичсэн юм бэ? Энэ бол ичих зүйл огт биш. Харин ч чи үнэхээр сайн байна” гэж хэлэхэд нь их урам авч байсан. Миний багад хүмүүс бүгд үндэсний үйлдвэрлэлийн хувцасыг өмсдөг байлаа. Найман настай байхдаа Орос дэлгүүрээс малгай авах гээд эмээдээ загнуулж билээ ” гэж ярив.
Мөн “Польшоос 2008 онд буцаж ирэхэд манай улсад үйлдвэрлэл байхгүй болчихсон байсан. Монголдоо ирэхэд оёмол бүтээгдэхүүн тэр чигтээ боломж, маш том зах зээл байгаа харагдсан. Дэлгүүрүүдэд хөөсрөл бий болж, бүтээгдэхүүн хэт өндөр үнэтэй байв. Монгол гэдэг брэнд гаргахын төлөө, чин хүсэл эрмэлзлэлээр ажлаа эхэлсэн. Би үргэлж Монголынхоо ирээдүйг сайхнаар хардаг” хэмээв.
Тэрээр мөн хувцас загвар болон оёмол бүтээгдэхүүнээр суралцсан, суралцаж буй залуусыг дэмжинэ гэдгээ лекцийн үеэр амласан юм.
Энэ үеэр 11 дүгээр ангийн нэгэн охин “Би гоёл чимэглэл хийж фэйсбүүк хуудсаар дамжуулан зардаг. Үүнийг хийж байхдаа их жаргалтай байдаг. Гэхдээ энэ бяцхан бизнесээ эхлүүлэхийн тулд ээжээсээ мөнгө зээлсэн. Миний хувьд санхүүгээ хэрхэн барих тал дээр асуудал гардаг. Та санхүүгээ хэрхэн барьдаг вэ? гэсэн асуулт тавьсан юм. Г.Майцэцэг “аливаа юманд чин сэтгэлээсээ хандаж, дуртай зүйлээ хийвэл хүн заавал амжилтанд хүрдэг. Тууштай зүйлд үр дүн ирдэг гэдгийг би баттай хэлж чадна. Бизнест үнэнч байдал мөн хамгийн чухал. Үйлдвэрлэлээ эхлэх хамгийн анхны төхөөрөмжөө нөхөр бид хоёр нэгэн оёмол бүтээгдэхүүний бизнес эрхэлдэг хоёр хөгшинөөс арай хямд үнээр авч байсан. Учир нь тэд хүн бүрийн хийж чадахааргүй энэ зүйлд тууштай тэмцэж байгааг үнэлсэн юм. Тэд яг л өөрсдийн залуу үеийг биднээс харсан тухайгаа хуучилсан хэмээгээд лекцийн төгсгөлд бяцхан бизнес эрхэлдэг охинд 50.000 төгрөг өгч, өөрийн бизнесдээ багахан ч болов хувь нэмэр оруулаарай гэсэн юм.
Чи чадна гэж бодож байна уу? Тэгвэл чи чадна
Чи чадахгүй гэж бодож байна уу? Тэгвэд чи чадахгүй хэмээх үг байдаг. Эгэл жирийн энэ бүсгүйн залуустай ярилцан суухыг хараад түүний хөдөлмөрч, тууштай занг нь үнэлэн суулаа.
“Тэрээр миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт бол ханийгаа олсон явдал. Тэр маань Германд хувцас загвараар сурдаг байсан. Би харин Польшид хувцасыг арай хямдаар худалдан авч, зах дээр гаран наймаалдаг байлаа. Үнэндээ түүнтэйгээ учрахаас өмнө энэ хувцасыг чинь хүн хийдэг гэдгийг бодоо ч үгүй явсан байна лээ. Бид их сонин учралаар танилцсан юм. Тэр минь нэг л урлагийн хүн шиг санагдаж байсан нь миний бодол биелэлээ олж, дизайнер байж таарсан.
Бид Польшид амьдрахаар шийдэж, нөхөр маань хувцасны загвар гаргаж, би харин түүнийхээ сэтгэл зүрхээ шингээн урласан хувцасыг зарчих юмсан гэсэн сэтгэлээр өглөө зах дээр гардаг байсан. Миний хийсэн зүйл бол зүгээр л хэн нэгийг чин сэтгэлээсээ хайрласан явдал байсан. Тэр сэтгэл маань “exclusive” брэндийг бий болгосон” гэв.
Ингээд л 2009 онд монголын оёмол бүтээгдэхүүний зах зээлд цоо шинэ нэгэн “Монгол брэнд” мэндэлсэн нь Exclusive байсан юм. Анх дөрвөн ажилтантай гараагаа эхэлж байсан тус брэнд өнөөдөр монгол айл бүрийн хувцасны шүүгээнд байдаг гээд бодохоор энэхүү брэнд өдөр ирэх тусам өргөжиж хөгжиж байгааг илтгэх шиг.
Тиймдээ ч хатагтай Г.Майцэцэг бүтээгдэхүүнээ Японы зах зээлд гаргах ойрын зорилт тавин ажиллаж байгаагаа дуулгасан юм. Наймаа хийнэ гэдэг ердөө л хүний сэтгэлийг олох юм гэж ярьсан түүний энэ үг өөрийн бизнестээ ямар их сэтгэл зүрхээ шингээж байдагийг харуулж байна.
Тэрээр залууст хүний амьдралын хамгийн чухал зүйл бол насан туршдаа хамт амьдрах хань юм гэдгийг онцлоод, ялангуяа эмэгтэй хүнд энэ зүйл маш чухал хэмээгээд хичээл зүтгэл болгон заавал шагналтай байдагийг захив.
М.Болорцэцэг