Хунт нуур”-ын Зигфрид, “Цэнхэр нүдэн бүсгүй”-н Франц, “Дон Кихот”-ын Базиль гээд Дуурь бүжгийн эрдмийн театр байгуулагдсанаас хойш тоглосон бүх балетыг гоцолж, Монголын урлагийн амьд домог болсон ардын жүжигчин Очиржанцангийн Ганбаатартай ярилцлаа. “Дээхнэ үед ч надаас ярилцлага авдаг л байсан. Харин 1990-ээд оноос хойш өдрийн од шиг л цөөхөн болсон доо” гэсээр тэр яриагаа эхлэв. Яг үнэндээ энэ тод одыг ийм ойрхон байхад нь очиж ярилцаагүй өөрийгөө буруутгамаар ч юм шиг. Эгэл даруухан хийгээд ажилдаа, уран бүтээлдээ, тайздаа хайртай энэ эрхэм 1962 онд балетын жүжигчин болчихсон байжээ. Тэр цагаас хойш өдий хүртэл төрөлх театртаа ажиллаж яваа. Энэ амжилтыг давтах өөр хэн нэгнийг олоход бэрх. 70 гаруй настай ч шавь нарынхаа бэлтгэлийг хийлгэж, хамт олныхоо дунд хоёргүй сэтгэлээр зүтгэж явна.
ДБЭТ-ын хамт олон энэ жил театртаа үр бүтээлтэй ажиллаж байгаа ахмад, дунд, залуу үеийн төлөөллөө олон нийтэд танилцуулж, алдаршуулах санаачилга гаргажээ. Энэ сурталчилгааг хэнээс эхлэх вэ гэж судалсаар амьд домог болсон О.Ганбаатар гуайг сонгожээ. Тэр Монголын балетын хамгийн алдартай эрэгтэй жүжигчин. Бас гэргий, охин хоёр нь ч түүнтэй ижил мэргэжилтэй болохоор амь, амьдралаараа их урлагийн замд нэгдсэн гэр бүл гэж хэлж болно. Охин нь театрын тайзыг амилуулж бүжсэн хөдөлмөрөө үнэлүүлж, гавьяат жүжигчин болчихоод буйг уншигчид мэдэх биз ээ. Театрын тайзнаа гэгээн тэмүүлэл, ариун нандин бүхнийг төлөөлөн дүүлэн нисдэг “хунгуудад” ч бас зовлон байдаг. Тэр бүр дуугараад, хашгираад, жагсаад байдаггүй ч тэд сэтгэл дүүрэн ажиллаж чадахгүй л яваа. Тийм болохоор О.Ганбаатар гуайн өөрийнхөө тухай ярихаас илүүтэй, тэднийхээ төлөө сэтгэл зовниж, асуултыг маань алгасан ярьсан. Унших ёстой, мэдэх учиртай яриа энэ байсан болохоор нэмэлт хачиргүйгээр уншигчдадаа хүргэе.
-Та тайзан дээрээ хэдэн жил бүжиглэсэн бэ?
-25 жил.
-Дөрөвдүгээр сарын 26- нд танд зориулж “Балетын үдэш” цэнгүүн хийхээр болжээ. Өдий хүртэл ийм тоглолт хийж байгаагүй гэж дуулсан, үнэн үү?
-Тийм ээ. Хийж байгаагүй. 1962 оноос хойш миний бүжиглэсэн бүх гол дүрийг залуу бүжигчид маань бүтээж, он дарааллаар нь танилцуулна гэсэн. Бас дурсамжийн ном, гэрэл зургийн үзэсгэлэн гээд олон ажил төлөвлөөд байгаа.
-Театраа байгуулагдсанаас хойш өдийг хүртэл ажилласаар байгаа ганц хүн нь таныг гэлээ.
-Тийм ээ. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын жүжигчин Б.Жамъяндагва багш бид хоёр энэ театрыг байгуулагдсанаас хойш ажиллаж байгаа хүмүүсийн тоонд багтана.
-Их олон жил ажиллажээ. Театраа гялалзаж явахыг, бас үзэгч нь цөөрч, чадан ядан “амь зууж” явсан хэцүү үеийг ч та үзжээ. Харин одоо ямар байна даа?
-Ардчиллаас хойш сонгодог бүжгийн хойч үеийг бэлтгэх нэгдсэн бодлого алдагдаж, хэцүү бэрх цаг үе туулж явна. Өмнө нь ЗХУ-д бүжигчдээ бодлогоор сургадаг байсан бол одоо үгүй болжээ. Азаар хэдэн жилийн өмнө 12 хүүхэд сургахаар болсон. Удахгүй тэд төгсөж ирнэ. ХБК-д бүжигчдээ бэлтгэж байгаа ч 3-4 жил өнжиж нэг удаа элсэлт авдаг учраас манай хэрэгцээний хаана ч хүрэхгүй. Социализмын үед манайх 70 бүжигчинтэй байлаа. Тэгсэн хэрнээ л “Спартак” зэрэг том балет тоглоход эрэгтэй бүжигчин дутагдаж, бүсгүйчүүддээ сахал зураад цэрэг болгодог байсан. Тэгтэл хүн цөөрсний далимаар орон тоог ч цөөрүүлж, одоо 30 гаруйхан бүжигчинтэй болсон. Гэхдээ “Спартак”-аа өнгөрсөн жил “босгосон”. Хүн хүч дутуу болохоор ХЦДБЧ, ЦДБЭЧ-аас бүжигчид авч байж л хийсэн. Цалингийн сангаа нэмж, бүжигчдийнхээ орон тоог нэмэгдүүлж болдог ч болоосой. Сайн бүжигчин хүрээд ирсэн ч авч чадахгүй. Учир нь орон тоо байхгүй. Шинээр төгссөн бүжигчнээ ажилд авахын тулд ажилдаа гаршсан туршлагатай бүжигчнээ хүчээр тэтгэвэрт гаргах хэрэгтэй болно. Үнэхээр хэцүү юм. Бидний мэргэжил хүнд хэцүү учраас 20 жил ажиллаад тэтгэвэрт гардаг. Гэхдээ хуулиар заасан тэтгэврийн насаа хүртэл халамжийн мөнгө л авч аргацаадаг. Өрөвдөлтэй шүү. Бас байнга үсэрч, харайж, бүжиглэж явсан хүмүүсийн үе мөч, нуруу, хөл өвддөг болчихдог. Эмнэлэг, эм тариа гээд зарцуулахад нөгөө хэдэн төгрөг нь хаанаа ч хүрэхгүй. Төр засгийн удирдлагууд нь ч сонгодог урлагаа ойшоохгүй, ирж тоглолт ч үзэхгүй юм. Ямар ч улсын хувьд сонгодог урлагийн театр нь төрийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хэдэн жилийн өмнө манай театрыг Ерөнхийлөгч ивээлдээ авах тухай яригдаад л таг болсон.
-Ийм хэцүү мэргэжлээ яагаад охиндоо өвлүүлчихсэн юм бэ. Эсвэл та анхнаасаа дургүй байсан уу?
-Сургуулиа төгсөөд ирчихсэн хүнийг яалтай билээ.
-Та сургуульд явахыг нь мэдээгүй юм уу?
-Шалгуулаад тэнцчихсэн явсныг сүүлийн шатанд нь л мэдсэн. Би охиноо бүжигчин болгохгүй гэж бодож байсан. Маш их ухаан, зориг, тэвчээр шаарддаг урлаг шүү дээ. Гэхдээ алдаагүй, сайхан тоглочихоод тайзан дээр зогсож байх сайхан шүү. Ийм л зүйлээр “хооллож” амьдардаг юм шүү дээ. Алга ташилт байхгүй бол бид өнгөрлөө л гэсэн үг.
-Харин ээж нь хориогүй юм шиг ээ?
-Явбал ч яваг гэж бодсон байх.
-Одоо та охиноо хараад бахархдаг байх даа. Ур чадвараараа яах аргагүй ялгардаг шүү дээ.
-Ярих юм байхгүй, мундаг. Гэхдээ би мань хүнтэй ер ойртож ярьдаггүй. Хүмүүс охиноо дээш гаргах гэлээ ч гэх юм билүү. Хааяа ямар нэгэн элементийг хийх учраа олохгүй байвал хэлж өгдөг. Манай охин бараг л хүнээр хэлүүлээд байдаггүй чармайлттай хүн. Балетын жүжигчдийн охин болон мэндэлж, нялх байхаасаа л энэ зааланд сууж, биднийг харсан болохоор сэтгэл нь татагдаад, шийдвэр гаргасан байх.
-Хэцүү ч гэлээ сайхан. Хоёр туйлд хуваагдсан энэ мэргэжлийн сайхан нь яг юу юм бол?
-Урам. Өөртөө сэтгэл хангалуун тоглоод үзэгчдийнхээ урмаар шагнуулсан байхад цалин багатай, мөнгөний гачигдалтай нь огт хамаагүй болчихдог. Тэр урам үгүй бол бас л тамын ажил. Өдөр бүр бэлтгэл хийнэ. Тоглолт болгоноороо шалгалт өгнө. Үзэгчдийн хүслийг хуурах эрх хэнд ч байхгүй. Тэдний таашаалд нийцтэл цогц бүтээл үзүүлэх ёстой. Тэр утгаараа биднээс сэтгэлийн тэнхээ шаарддаг. Хөлс, цусаа хамтад нь урсгаж, халуурч байсан ч, шөрмөсөө сунгасан ч тоглолтоо инээсээр л дуусгана. Нэгэн үе манай бүжигчид нэг балетад 5-6 дүр бүтээдэг байсан болохоор өвдөх, амрах эрх ч байгаагүй.
-Тайзан дээр бүжигчид нь цөөрсөн тэр цаг үед театр үзэгчгүй болж, хүйтэн зэврүүн танхимаа харсан бүжигчид сэтгэлдээ уйлж явсан гэдэг. Тэр үе танд ч бас хүнд байсан уу?
-Сайнаар нь хэлбэл, тухайн үед үзэгч цөөрсөн ч чин сэтгэлээсээ балетад хайртай шилэгдсэн хүмүүс театрт ирж байлаа. Хов хоосон зааланд тоглож үзээгүй ээ. Том балетын бүрэлдэхүүнээ цомхтгож “Хунт нуур”-ын 24 хунг 16 болгож байсан ч бид “Жизель”, “Шарилжин дундах цэцэг”, “Шахеразада”-гаа тоглож л байсан. Уран бүтээлийнхээ чанарыг унагалгүй хэмжээнд нь барьж чадсан. Тэгэхийн тулд ажилдаа дурлаад үлдсэн хэдэн хүн бүх зүйлээ умартан зүтгэсэн. Тэр зүтгэлийг мэдэж, ухаардаг хүн даанч ховор юм. Одоо бидэнд эрэгтэй бүжигчид хэрэгтэй байгаа. ХБК-ийг энэ жил хэдэн хүүхэд төгсөх боловч олонх нь бүжигчнээр ажиллахгүй үргэлжлүүлэн сурна гэж ярьсан байна лээ.
-Олон жил сурчихаад, цалин багатай ажил цөөхөн жил хийнэ гэхээр хүүхдүүдэд хэцүү санагддаг байх даа. Мөрөөдөлдөө хөтлөгдсөн ч амьдрал тэднийг өөр зүгт хандуулж буй юм байна. Гэхдээ энэ бүх бэрхшээлийг тоолгүй ажиллаж яваа бүжигчдээ хараад юу боддог вэ?
-Тэднийгээ хараад маш их бахархдаг. Бас өрөвддөг. Зовж, тэвчээр гарган байж бүтээж байгаа дүрийг хараад бахархдаг ч, амьдралыг нь бодохоор гутарна. Өмнө нь ийм хоёр туйлд хуваагдахаар ч байгаагүй юм. Одоо бол зай нь улам холдоод байна.
-Зовлон нэгтэй хэдий ч хөшигний ардах бүжигчдийн өрсөлдөөн их гэх юм билээ. Нууц байдлаар өрнөдөг ч гэдэг.
-Тийм юм байхгүй.
-Гэхдээ өнгөрсөн жил ерөнхий балетмейстрээ бүжигчид нь санал гаргаж, ажлаас гаргасан. Тухайн үед гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг юу ч яриагүй ч дотроосоо ийм санаачилга гаргасан нь ил болоод байна шүү дээ.
-Нууцаар санал хураасан гэсэн. Би түүнийг нь мэдээгүй. Захирал шинэ оны ажлаа эхлэхдээ уран бүтээлийн нөхцөл байдал ямар байгаа тухай бичгээр санал авсан юм билээ. Түүнд нь санал өгсөн хэдэн хүүхэд л “Гэрлээ багш чанга хатуу байна” гэж бичсэн байгаа юм. Уг нь Гэрэлчимэгт ямар ч буруу байхгүй. Энэ бүжигчин охидыг өдий зэрэгтэй болгосон хүн нь Гэрлээ. Маш өндөр шаардлагатай, маш сайн багш. Одооны хүүхдүүдийн тэвчээр нь л дутсан байх. Би үүнд маш их харамсдаг.
-Хүмүүс сүүлийн үед охидоо балетын дугуйланд хичээллүүлэх хүсэлтэй болжээ. Бүжигчин болгох гээгүй ч хөдөлгөөний эвсэл, бие бялдрын хөгжилд нь нэмэртэй гэж үздэг бололтой.
-Энэ зөв юм шүү. Барууны зарим оронд зургаан настай хүүхдүүдийн хичээлийн хөтөлбөрт балетыг оруулсан байдаг. Манайд дуу хөгжмийн хичээл заадагтай ижил. Бүгд бүжигчин болохгүй ч уран явдал, гоё нуруу, хүзүү гээд гоо сайхны төгс илэрхийллийг цогцлоохыг хүсдэг байх. Миний олон шавь багшлаад явж байгаа. Сонгодог бүжгийн дасгал бүх төрлийн бүжгийн суурь болдог юм.
-Та гэргий, охин хоёртойгоо нийлээд ийм сургууль нээвэл гоё юм биш үү?
-Үгүй ээ. Тэгж бодож байсангүй.
-Бусад шиг бизнес сэтгэлгээ байхгүй гэж үү?
-Үгүй, би театртаа л хайртай. (санаа алдав) Багаасаа л тэгж хүмүүжчихсэн юм.
-Бүжиглэх, багшлах хоёрын аль нь илүү сайхан бэ?
-Мэдээж, бүжиглэх нь сайхан. Хааяа өөрөө хийчихмээр санагддаг л юм. Даанч бие гүйцэхгүй. Багшийн ажил амаргүй ээ. Хүнтэй ажиллана. Түүндээ ойлгуулах гэж тархиа “гашилгана”.
Ардын жүжигчин О.Ганбаатар гуайг ерөнхий балетмейстр болооч гэж санал тавихад татгалзсан гэсэн. “Би хүүхдүүддээ заахгүй бол хэн дасгалыг нь хийлгэх юм” гээд тас гүрийсэн гэж байгаа. Сонгодог урлагийн түүхийн хуудсанд тод мөрөөр бичигдэх гавьяатай ч алдраа даруу зангаар чимсэн түүний цэнгүүнийг зорин очиж, түүхийг тайзнаас тольдоорой.