Францын Лион хотын Консерваторын симфони найрал хөгжмийг 20 настай монгол охин Б.Нандингуа удирдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөжээ. Дөрвөн жилийн өмнө Лионы хөгжмийн сургуульд суралцахаар очиж байсан тэрбээр өдгөө хийл хөгжмөөсөө гадна удирдаачийн мэргэжил эзэмшихээр хичээллэж буй гэнэ. Энэ жил сургуулиа төгсөх тэдний ангийнхнаас Кристиан Чапотат багш нь таван оюутан сонгож, Лионы Консерваторыг удирдуулахад шалгарагсдын дунд Б.Нандингуа багтжээ.
Зургаан настайгаасаа ХБК-ийн хийлийн ангид орж суралцсан тэрбээр ҮДБЭЧ-ын ерөнхий бүжиг дэглээч, найруулагч Д.Баярбаатарын охин юм. Аавынхаа авьяасыг өвлөж, дээрээс нь өөрийнхөө шаргуу хичээл зүтгэлийн үрээр алдарт Вена хотноо болсон тоглолтын үеэр Францын симфони найрал хөгжмийг удирдсан түүгээр гэр бүлийнхэн нь төдийгүй монголчууд бахархаж байгаа болов уу.