Нью-Йорк хотын “Рубин” урлагийн музейд зуу гаруй үзмэр бүхий “Багны сүр хүч” хэмээх үзэсгэлэн өнгөрөгч сараас эхлэн үзэгчдийн хүртээл болжээ. Ирэх оны хоёрдугаар сарын 8 хүртэл үргэлжлэх үзэсгэлэнд XV-XX зууны үеийн Ази номхон далайн орнууд болон Гималай, Сибириэс авчирсан 100 гаруй баг, өмсгөлийг дэлгэжээ.
“Форбс” сэтгүүлийн онцолсноор музейн онцлог үзмэр нь XX зууны үеийн монгол бөөгийн баг өмсгөл. “Онгодын улаачийн зүүсгэл” хэмээх эл өмсгөлийг тус сэтгүүлд “Жүжигчин Жонни Деппийн дараагийн бүтээх дүрдээ өмсөх өмсгөл гэж бодож байна уу? Шилэн хоргонд байгаа уг үзмэр бол монгол бөөгийн өмсгөл. Багны оройд жижиг гавлын ясны хэлбэр бүхий чимэглэлийг тойруулан туг байрлуулжээ. Харин өмсгөлийг даавуу, торго, арьс, өдөөр хийсэн байна” хэмээн тайлбарлажээ.
Үзэсгэлэнд “Рубин” музейн үзэгчдэд тэр бүр дэлгэдэггүй цуглуулгаас гадна Бруклины музей, Харвардын “Пеабоди” музейн үзмэрүүдийг тавьжээ.