“Рио-2016” олимпийн наадамд оролцох монгол тамирчдын анхны эрхийг авсан хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа болон түүний дасгалжуулагч Л.Ундралбат нарыг салбарын сайд нь өнгөрсөн баасан гаригт хүлээн авч уулзав. Энэ үеэр О.Гүндэгмаа буудлагын тамирчдад тулгамдаж байгаа зарим асуудлыг Эрүүл мэнд, спортын сайд Шийлэгдамбад уламжилж, арга хэмжээ өгөхийг хүссэн байна. Жишээ нь, манай тамирчдын хувьд дасгал сургуулилалт хийхэд сум нь тийм ч хүрэлцээтэй байдаггүй тул олимпийн бэлтгэл хангах энэ эгзэгтэй цаг үед дээрх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ. Түүнчлэн хөдөлмөрийн баатар маань саяхан БНСУ-ын Чанвон хотод болсон “Дэлхийн цом”-ын үеэр буу нь хоёр удаа гацаж оноо хасуулсныг хэлээд, энэ нь манайхан сумаа зориулалтын бус, чийгтэй орчинд хадгалж буйтай холбоотой байж болзошгүйг ч дуулгасан аж. Нэгэнт олимпийн эрхээ авсан учраас дахин иймэрхүү асуудлаас болж оноо алдахгүй байх нөхцөлийг эртхэн бүрдүүлэх шаардлагатай гэдгийг салбарын сайд ч ойлгож буйгаа онцлоод, цаашид спортын бүхий л төрлөөр эрх авах тамирчдадаа тулгамдаж байгаа асуудлыг нь сонсож, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээ илэрхийлэв.