Иргэний бүртгэл гэж чухал зүйл бий. Тухайн хүн амьд оршин буйг, эсвэл хэзээ талийгаач болсныг гэрчлэх чухал баримт. Тэгвэл амьд, үхсэнийг чинь нотлох ямар ч бичиг баримт, бүртгэлгүй болчихвол та яах вэ. Мэдээж, эхлээд харьяа хороондоо очих байх. Гэхдээ тэнд хандаад ямар ч нэмэргүй. Тэгэхээр иргэний бүртгэл хариуцсан газрыг зорино. Тэнд мэдээж байна. Гэхдээ байхгүй бол яах вэ. Эсвэл таны талаарх чухал мэдээлэл цагдаагийн байгууллагаас бүр мөсөн арчигдчихвал юу болох бол? Ийм байж болох уу? Хариултыг нь “Донор” мэдэж байгаа. Энэ сарын 17-ны баасан гаригт “Хүннү молл” болон “Тэнгис”-т нээлтээ хийсэн Монголын уран сайхны адал явдалт кинонд яг энэ тухай өгүүлжээ. Дөнгөж нээлтээ хийсэн киноны тухай дэлгэрэнгүй ярьж, “нууц” задлаад яах вэ. Заавал очиж үзүүрэй гэж хэлье. Сүүлийн үед гарсан боломжийн аятайхан кино болсон санагдлаа. Алга болсон хүмүүс дандаа л эмзэг бүлгийнхэн. Тэд бусдын л адил мөрөөдөлтэй, шийдэх асуудалтай, өвдөх биетэй, шаналах сэтгэлтэй. Үүнийг нь харин өөдгүй хүмүүс ашиглана. Тэгээд яахыг дэлгэцээс үзсэн нь амттай. Хүний амь, үнэ цэнэ гэж юу болохыг харна. Д.Дэлгэрсайхан, Б.Навчаа, Ц.Батболд П.Баттөр, Н.Ялалт нарын залуу жүжигчид Ч.Батбаярын найруулсан “Донор”-т тогложээ.