ОХУ-ын Хабаровск хотноо ирэх сарын 25-нд “Амар мөрний долгио-2015” дөрөв дэхь удаагийн олон улсын фестиваль болох гэж байна. Энэхүү фестивальд Монгол Улсаас Цэргийн дуу бүжгийн чуулгын симфони найрал хөгжимчид оролцохоор болжээ.
ОХУ-ын Зүүн цэргийн тойргийн Хэвлэл мэдээллийн албаны дарга А.Гордеев “Интерфакс” агентлагт энэ талаар мэдээлсэн байна. Тэрбээр “Фестивальд оролцох урилгыг 30 гаруй улсын холбогдох байгууллагуудад явуулсан. Одоогийн байдлаар Монгол, БНХАУ, БНАСАУ оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна” хэмээн ярьжээ.
Орон, орны цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид оролцдог энэ наадамд ОХУ-ын Хабаровск, Владивосток, Петропавловск-Камчатка, Екатеринбургийн дайчид, уран бүтээлчид мөн оролцож, уран бүтээлийн дээжээ өргөн барих гэнэ. Энэ жилийн фестивалыг Аугаа их эх орны дайны ялалтын баярын түүхт 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан урьд өмнөхөөс илүү өргөн хүрээтэй зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.