Увс аймгийн 90 жилийн ойн хүрээнд есөн метр номон пирамид босгох талаараа “Шинэ тэмүүлэл” залуучуудын клуб хэвлэлийн хурал хийлээ.
“Шинэ тэмүүлэл” залуучуудын клубээс Увс аймгийн 90 жилийн ойг угтаж “Booк challange” номын хандивын аян эхлүүлжээ. Ном бэлэглэсэн хүн дараагийн хоёр хүнийг “Booк challange”-д дуудах замаар өрнөх уг аян цахим ертөнцөд багагүй дэлгэрээд байгаа юм.
Аяны хүрээнд цугларсан номоор эх үрсийн баярын үеэр Увс аймгийн төв Цэдэнбалын талбайд есөн метр пирамид босгох юм байна. Дэлхийд номоор босгосон есөн метр өндөр пирамид байдаггүй учир Гиннест бүртгүүлэхээр хандсан бөгөөд одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байгаа аж. Пирамид босгосны дараагаар номуудыг тус аймгийн ерөнхий боловсролын 29 сургуульд бэлэглэх юм байна.
“Book challenge” ном хандивлах аянд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, БСШУЯ-ы сайд Лу.Гантөмөр, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Аймгийн засаг дарга Д.Цэндсүрэн, Гараг студийн захирал, зохиолч Г.Бадамсамбуу нарын зэрэг олны танил болон эгэл жирийн хүмүүс нэгдэж, дор бүрнээ хүмүүсийг дуудаад эхэлсэн байна.
Жишээлбэл, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн дуудлага өртөөлсөөр 30 гаруй хүн аянд оролцож, одоогоор 3000 гаруй ном цугларчээ. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү аянд хувь хүнээр тогтохгүй албан байгууллагуудыг нэгдэхийг уриалж байна. Одоогийн байдлаар 1000 гаруй ажилтантай Тэсо корпораци нэгдэхээ илэрхийлсэн бол 8000 гаруй дэмжигч гишүүдтэй Оргил өөд уулын клуб ном бэлэглэхээр цуглуулж эхэлжээ.
Мөн энэ хэлбэрийн номын аянаас санаа авч Өвөрхангай, Архангай, Хэнтий аймгийн залуус ч “Booк challange” аяныг эхлүүлээд байгаа ажээ.