Дэлхийн тойрог замд сансрын нисэгчдэд тохиолддог сонин, хачин үзэгдлийг эрдэмтэд тайлж, шинжлэх ухаанчаар тайлбарлахыг оролдож байгаа гэнэ. Сансарт болсон олон хачирхалтай үзэгдлийн талаар нисэгчид төвдөө мэдээлдэг ч, олон жилийн турш олон нийтээс чандлан нууцалж ирсэн юм байна. Жишээ нь, сансрын анхны нисэгч Юрий Гагарин дэлхийн тойрог замд тун уянгалаг сайхан хөгжим шиг дуу чимээ сонссоноо илтгэсэн байдаг. Түүний дараа сансарт хөөрсөн Герман Титов ч радио сувгаар нь дамжин ирсэн хачирхалтай хэрнээ сайхан хөгжмийг цахилгаан хөгжмөөр тоглосон аялгуу шиг гэж тодорхойлсон байдаг. Тэрийг дэлхийгээс дамжуулаагүй гэдэг. Хөгжим мэт тэр дуу чимээг сонссон сансрын нисэгч олон. Мөн сансрын орон зайд ямар нэгэн хачин зүйл харсан нь ч цөөнгүй. 1970 онд “Союз-9” хөлгөөр сансарт очсон Виталий Севастьянов сансрын станцад байхдаа бороо орж буй мэт чимээ сонсож, тэрнээс болж их тавгүйрхэж байснаа дурсжээ. Америкийн сансрын нисэгчид мөн л огторгуйд хачин үзэгдэл болсныг гэрчилдэг. 1973 онд тойрог замын “Скайлэб-2”станцад сургалт явуулж байхад сансрын нисэгчид нар шиг хурц оддын дунд хүмүүс байхыг харсан гэдэг. Тэдний ярьснаар тэдгээр хүн яг л тамд байгаа мэт сэтгэгдэл төрсөн хэмээнэ. Энэ мэт үлгэр шиг үзэгдлүүдийг шинжээчид судлагдаагүй нөлөөлөл гэдэг аж. сансрын орон зай хүний биед нөлөөлснөөр хий юм үзэгддэг байж болно гэж тайлбарлах нь ч бий.