Энэ зургийг гэрэл зураг сонирхогч Мартин Ле-Мэй Лондоны Хорнчёрч цэцэрлэгт хүрээлэнд салхилж яваад авчээ. Үен хөөрхий тоншуулын өднөөс чадлаараа зуурсан байсныг шувуу нэлээд доогуур нисэж байхад харсан хэмээн зурагчин залуу ярьжээ. Энэ зургийг өнгөц харахад сайхан нөхөрлөсөн амьтад зугаацаж буй мэт санагдах биз. Яг үнэндээ бол үен ядарсандаа тоншуулын нуруун дээр ийнхүү “ямбалаагүй”, харин өндгийг нь хулгайлах гэж байгаад баригдаж, ноцолдож байгаад ийнхүү мордоод авчээ. Үүнээс цааш юу болсон талаар Мартин “Тоншуул түрэмгий ангуучийг унагаачихаад амжилттай зугтаж чадсан, азтай. Ер нь ийм гарцаагүй тохиолдолд шувуу амьд үлдэх нь тун ховор. Зураг дээрх тоншуул их “гүргэр”. Өндгөө хамгаалаад эхэндээ үентэй ёстой ана мана үзэлцсэн. Тэгээд өөрт нь санамсаргүй “наалдсан” үенг аваад нисчихсэн. Тэр хүнд ачаатай байсан тул хоёр удаа нисэж байсан чиглэлээ өөрчлөөд биднийг чиглээд ирэхэд нь би амжиж хэд хэдэн удаа зураг дарсан” гэжээ. Энэхүү зургийг амьтан судлаач Ж.Уорд твиттертээ тавихад хоногийн дотор 5000 хүн хандсан гэнэ. Тэдгээрийн олонх нь үен, тоншуул хоёрын сайхан үерхлийг магтан дуулсан байжээ. Дашрамд өгүүлэхэд, зураг дээр байгаа шувуу бол Европын ногоон тоншуул бөгөөд Орос зэрэг зарим орны Улаан номд оржээ. Жилд нэг удаа эвцэлдэж, 5-8 өндөг гаргадаг. Дунджаар 35 см урт, 150-250 гр жинтэй. Харин өндөгний хулгайч үен сүүн тэжээлтний багийнх. Дэлхийн хамгийн жижиг махчин амьтанд тооцогддог бөгөөд хаа саагүй тархсан. Жингийн хувьд 250 хүртэл гр татна. Дунджаар 30 жил амьдардаг. Биеийнх нь жинг настай нь харьцуулахад урт настны дээд амжилт тогтоох гэнэ. Учир нь түүн шиг жижигхэн амьтан дээд тал нь найм насалдаг юм байна. Эртний ромчууд үенг гаршуулан тэжээж, хулгана бариулдаг байжээ. Гэхдээ үен ангуучийн үүргээ хангалттай биелүүлж чадаагүйн улмаас дундад зууны үед Европт саарал харх асар хурдацтай тархан, үржиж гамшгийн байдалд оруулсан байдаг. Тиймээс хулгана, хархыг намнуулахаар өмхий хүрэн болон муурыг “залж”, үенг “тэтгэвэрт” гаргасан түүхтэй аж.