Монголын сонгодог урлаг, рок попыг холбосон гүүр болж попера урсгалаар дуулах болсон “Нюанс” хамтлагийнхан ирэх жил 15 жилийн ойн баяраа тэмдэглэнэ. Төрөлх гэж хэлж болохоор Дуурь бүжгийн эрдмийн театраасаа өрх тусгаарлаад хоёр жилийг ардаа үдэж байгаа “Нюанс” хамтлагийнхан студийнхээ дэргэд дуулаачийн сургалт хичээллүүлэхээр болжээ. Тэд мэргэжлийн дуу болон дан найрал дуу, хөгжмийн онол, соноршуулгын хичээлүүдийг заах бөгөөд 15 наснаас дээш насны, дуулах хүсэл сонирхолтой хүүхэд залуучуудыг сургалтандаа урьж байгаа гэнэ. “Нюанс” дуулаачын студид сурсанаар дуулах ур чадвар, дан найрал дуу, хөгжмийн онолын анхан шатны мэдлэгтэй болохоос гадна, тайзны соёл, хүмүүжил, төгөлдөр хууртай дуулах дадлагыг тэндээс олж, Монголын хөгжмийн зохиолчдын уран бүтээл, Монголын поп эстрадын дуу, гадаад поп уран бүтээлүүдийг дуулж урын сангаа баяжуулж болох ажээ.
Урлагт хүчээ сорихын тулд байгалиас заяасан авьяас, бие бялдар, зүс царайтай, ухаалаг байхын зэрэгцээ энэхүү урлагт хөлс хүчээ шавхан сурах, хөдөлмөрлөх нь чухал байдаг учраас “Нюанс” дуулаачийн студи нь чадварлаг уран бүтээлчийг төрүүлж гаргахыг нэн түрүүний зорилгоо болгож байгаа юм. Суралцагч нь гурван сарын хугацаанд дуулаачийн сургалтад хамрагдаж төгсөлтийн шалгалтаа мэргэжлийн багш нараар дүгнүүлж үнэлгээ авч сертификат гардах гэнэ.