Монгол Улсын Засгийн газар, Азийн Залуучуудын зөвлөл, Монголын залуучуудын холбоо хамтран Азийн Залуучуудын зөвлөлийн XIII ерөнхий чуулганыг тавдугаар сарын 18-21-ний өдөр “Нэг Ази 2015-Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Энэ талаар өнөөдөр Төрийн ордонд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарын албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Чуулганд дотоод, гадаадын 600 орчим зочид төлөөлөгч оролцоно. Чуулган нь боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, жендер, тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын үүрэг оролцоо, залуучуудын талаарх бодлого, хөтөлбөрүүд ба тогтвортой хөгжил гэсэн дэд сэдвүүдээр асуудлаа хэлэлцэх ба мөн энэ хүрээнд “Залуу бизнес эрхлэгч, манлайлагч залуучуудын уулзалт”, “Зүүн Хойд Азийн залуучуудын уулзалт” гэсэн 2 томоохон чуулган болох гэнэ.
Уг чуулганы зорилго нь Азийн орнуудын залуучуудын “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын нэн тэргүүний чиглэлүүдийг тодорхойлох, гишүүн орнуудын төлөөлөгчдийн харилцаа холбоог сайжруулах, нэгтгэх, тэдэнд өөр хоорондоо туршлага солилцох боломж олгох бөгөөд “Tогтвортой хөгжлийн зорилт”-д Азийн улс орнуудын оруулах саналыг нэгтгэж НҮБ-ын ажлын хэсэгт хүргүүлэхэд чиглэж байна гэж С.Эрдэнэ сайд ярисан.
Монголын Залуучуудын холбоо нь чуулганы ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа ба монголын талаас оролцогч 300 залуусаас гадна 150 сайн дурын ажилтныг татан оролцуулах аж. Сайн дурын ажилтны бүртгэлийг тус яам болон МЗХ-ны байранд бүртгэж байгаа юм байна.