Нийслэлийн МАН-ын 90 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд “Нийслэл хот нэг л өдөр сүндэрлээгүй” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ. Өнөөдрийн сая гаруй хүн амтай, хэдэн арван давхар байшин барилга сүндэрлэсэн, зуу зуун мянган тээврийн хэрэгсэл гудамжаар сүлжилдсэн Улаанбаатар хот нэг л өдөр нүдний өмнө сүндэрлээгүй. 1913 оноос өнөөг хүртэлх түүхэн цаг үеийн гэрч болсон 100 гаруй гэрэл зургийг үзэсгэлэнд дэлгэжээ. Тухайлбал, 1922 оноос улсын банк байгуулах ажил өрнүүлж, дөрвөн аймаг, шавь таван хошуунаас 300 мянган лан мөнгө гаргуулахаар тогтсон шийдвэрийг баримтжуулсан гэрэл зураг тэнд байв. 84 жилийн тэртээ нийслэлийн төв эмнэлэг байгуулагдаж асан үеийн, түүнчлэн 1940-1970 оны хооронд Улаанбаатарт зам, барилгын салбарын бүтээн байгуулалт хэрхэн цэцэглэсэн хийгээд 1960-аад онд хотын авто тээврийн үйлчилгээнд ямар ганган такси явж байсныг үзэсгэлэнгээс тольдох боломжтой.
Хүний хүсэл барагддаггүй гэдэг. Бид амьдралаас үргэлж илүү ихийг хүссээр байгаад заримдаа туулж өнгөрүүлсэн өмнөх үеийнхээ үнэ цэнийг алдагдуулах гээд байдаг гэмтэй. Буурал түүхийн жимээр өртөөлөн аялныхаа дараа та өнөөгийн Улаанбаатарын хөгжилд ямар дүн тавихаа өөрөө мэднэ биз. Хэн хэнийхээ хийсэн бүтээснийг харлуулалгүй, төрөлх хотынхоо тулгамдсан асуудлыг хамтдаа шийдье хэмээн өнөөдөр мөн Тусгаар тогтнолын ордонд “Хотын хөгжлийн ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо.