Би ээжийнхээ ганц хүү. Оройтож гэрлэсэн ээж минь намайг төрүүлэх гэж амиараа дэнчин тавьсан юм билээ. Хүүхэд төрүүлж болохгүй гэсэн эмч нарын үгийг ээж минь хүлээж авахыг хүсээгүй учраас зургаан сарын турш эмнэлгийн хяналтаас гадуур явж байгаад төрөхөө дөхүүлээд очсон гэдэг. Намайг хорвоод мэндлэхийг аав, өвөө, эмээ, тэр бүү хэл өргөмөл эгч минь ч хүсээгүй. Дургүйдээ биш л дээ, хүүхэд төрүүлэх нь ээжийн амьтай холбоотой байсан учраас тэр. Ингэж л би хорвоод ирсэн түүхтэй.
Би бас өөр нэгэн “ээжтэй”. Бага байхад минь тэр хүн надад эхийн сайхан сэтгэл гаргаж, өөрийн ажил, амьдралаараа хохирох шахсан юм билээ. Энэ тухай түүхээ хуваалцъя.
Тэр үед би гурван настай байжээ. Миний ээж ажилдаа явахаасаа өмнө намайг цэцэрлэгт хүргэж өгөхийн тулд өглөө эрт босоод хамгийн эхний ээлжийн автобусанд суудаг байлаа. Гэсэн ч заримдаа ажлаасаа хоцордог байснаас болж хэд хэдэн удаа халагдах сануулга авсан юм билээ. Манай гэр бүлийнхэн аавын жаахан цалингаар амьдрах боломжгүй учраас ээж ажлаасаа халагдахгүйн тулд нэг өдөр гурван настай намайг өглөө автобусны буудалд хүргэж өгөөд “Хүү минь ганцаараа цэцэрлэг рүүгээ явах хэрэгтэй” гэж билээ. Гэхдээ мэдээж, өмнөх өдөр нь надад энэ талаар сайн ухуулсан гэж байгаа. За ингээд, эхний өдөр би “бие” даалтаа амжилттай гүйцэтгэлээ. Тэр өдөр ээжийн минь сэтгэл ямар их шаналж, айж түгшиж, сандарч байсныг бяцхан жаал би мэдэрсэн юм. Ингэж өглөө намайг үдсэн ээж минь орой цэцэрлэгээс хүүгээ авахдаа хоцрох болов. Мэдээж, багш нар ээжийг ажлаас халахгүй ч гэсэн, надаас болж оройтохдоо дуртай байгаагүй. Тиймээс “бие даалтын хичээлийн” минь цаг нэмэгдэж, цэцэрлэгээ тараад орой би өөрөө гэртээ харьдаг болох шийдвэрийг мөн л ээж гаргалаа. Ингэхийн тулд цэцэрлэгээс гарч, буудалд ирээд, хэд дугаартай унаанд суухыг зааж өгч, хэд хоног “дагалдангаар” дадлага хийсэн. Тэгээд л бүх зүйл жигдэрч, би өглөө сууж, цэцэрлэгтээ ирсэн автобусандаа орой нь суугаад нөгөөх л буудалдаа бууж, ээж тосож авдаг болж билээ. Ингэж явсаар гурван жилийг үдсэн. Энэ хугацаанд би “ганцаараа” биеэ маш сайн авч явж, нэг ч удаа харихдаа автобуснаас хоцроогүй юм. Тийм мундаг байсны минь хүч үнэндээ минийх биш байж, харин түрүүн дурдаад өнгөрсөн өөр нэгэн “ээийн” ач юм.
Үүнээс хэдэн жилийн дараа л ээж минь хүү нь ганцаараа төөрч будлихгүй, хоцорч балрахгүй гэртээ ирж чаддаг байсан бяцхан нууцыг мэдсэн юм. Тэр нэгэн өдөр ээж бид хоёр гадуур явж байгаад миний цэцэрлэг рүү явдаг байсан автобусны кондуктор эгчтэй таарсан юм. Тэрбээр намайг хараад өөрийн хүүхэд шиг өхөөрдөж “Нөгөө хүү чинь ийм том эр болжээ” гээд надаас “Чи цэцэрлэг рүүгээ яаж явдаг байсныы санаж байна уу” гэж асуулаа. Тийм ээ, санахаар барах уу, энэ хүнийг би мартаж болно гэж үү. Өглөө автобусны буудлаас ээжээрээ үдүүлдэг байсан би орой цэцэрлэг тараад, мөн л автобусны буудалд энэ хүнээр угтуулдаг байсан юм. Гурван жилийн турш би хоёр ээжтэй байж, албандаа явдаг байсан юм шүү дээ. Цэцэрлэгээсээ тараад буудал дээр ирэхэд энэ л эгч албатай мэт автобусаа “уяад” намайг хүлээж байдагсан. Тэгээд хаалганы хажууд зогсоод намайг өргөж суулгасныхаа дараа, “Жолооч оо, хөдлөөрэй, хүүгээ авчихлаа” гэнэ. Энэ тухай би ээждээ ер нь хэлээгүй байсан юм. Хүүхэд болохоор тэгэх ёстой гэж боддог байсан ч юм бил үү, ямартай ч гэрийнхэндээ яриагүй юмдаг. Ингэж санамсаргүй таарсан тэр эгч ээжид хууч хөөрснөөр миний “нууц” илэрсэн. Ганц миний нууц дэлгэгдээд зогсоогүй тэр нэгэн “танихгүй” эгч надаас болж бас ажлаасаа халагдах дөхсөнийг ч бид мэдэж авсан. Яагаад гэж үү, хуваарийн дагуу явах ёстой унааг өдөр бүр нэг, хоёр минутаар уяад байгааг удирдлага нь мэдсэн юм билээ. Мэдэхээс ч яах билээ, иргэд унаагаа удаан хүлээж байгаа талаар гомдоллоод байхаар яалтай ч билээ. Тэр эмэгтэй нэгэн бяцхан хүүг хүлээгээд улсын унааг уяад байгааг хүмүүс яаж мэдэх билээ дээ.
Ингэж хоёр сайхан ээжийн хайр, итгэлээр их эрт бие дааж, “эрийн цээнд хүрсэн” хүн би.
Сэтгэлийн тус багадахгүй гэдгийг харуулж чадах ийм нэгэн түүхийг би бусдад дуулагхыг хүслээ.