Америкийн “Apple” корпорацийн хэдэн зуун ажилтан цахилгаан тээврийн хэрэгсэл бүтээх нууц төсөл дээр ажиллаж байна гэж “The Wall Street Journal” сонинд мэдээлжээ.
Тус сонинд мэдээлснээр, “Apple”-ийн цахилгаан автомашин нь минивэнийг санагдуулам загвартай аж. “Титан” гэж нэрлэсэн энэ төслийг тус компанийн захирал Тим Кук жил орчмын өмнө боловсруулан баталжээ. “Apple”-ийн автомашин зохион бүтээх асуудал хариуцсан хэлтсийн даргаар тус компанийн бүтээгдэхүүний дизайн хариуцсан дэд ерөнхийлөгч Стив Задески ажиллаж байна. Тэрбээр өмнө нь “Ford” компанид ажиллаж байжээ.
“Apple”-ийн автомашин зохион бүтээх баг ойролцоогоор мянга орчим хүний бүрэлдэхүүнтэй гэнэ.
“The Wall Street Journal” сонинд бичсэнээр бол, "Apple" зохион бүтээсэн автомашинаа зах зээлд гаргахгүй хэмээн шийдэж магадгүй бололтой. Цахилгаан автомашинд ашигладаг орчин үеийн аккумуляторууд зэрэг технологийг “IPad”, “IPhone” зэрэг “Apple”-ийн бусад бүтээгдэхүүнд ашиглаж болох юм. Тус компани ирээдүйтэй загваруудыг зохион бүтээдэг гэдгийг тус сонинд онцлон дурдаж байна.
Хэрэв “Apple” үнэхээр цахилгаан автомашин үйлдвэрлэхээр шийдвэл тус компани “Tesla”, “Google” зэрэг дэвшилтэт технологи бий болгодог компаниудтай өрсөлдөх хэрэгтэй болно. Америкийн тэрбумтан Элон Маскийн үүсгэн байгуулсан “Tesla” компани нь 2008 оноос эхлэн АНУ-д цахилгаан автомашин борлуулж эхэлжээ. Харин “Google” компани жолоочгүй автомашин туршиж байгаа юм.