Идэрхэн багын дурсгалтай
Энхрий янаг бүсгүйдээ
Сайхан дуу аялж
Санаа сэтгэлийг нь засахсан
Хонгорхон залуу насны
Сэв ч үгүй сэтгэлтэй
Хориод настай чамдаа
Цэцгийн баглаа барихсан...
Алганаас томгүй, хуучирч шарласан хуудастай дэвтэрт “Отгонд” хэмээн гарчигласан ийм нэгэн шүлэг байна. Дэвтэр элэгдэж, эзэд нь өтөлсөн ч шүлэг, сэтгэл хоёр нь урьдынхаасаа өөрчлөгдөөгүй бололтой. Төрийн шагналт, зохиолч Д.Гармаа болон түүний эхнэр Отгон 1963 оноос өдий хүртэл ханилж явна. Тэдний залуу насыг, үнэнч хайрыг нь гэрчилж, өдгөө ч уншихад сэтгэлийг нь булиглуулдаг гэлтэй захидал хүүдий дүүрэн байсан нь магадгүй үр хүүхэд, уран бүтээлүүдийг нь эс тооцвол хамгийн үнэтэй өмч нь биз. “Зохиолч бид ханилж суухад хэцүү, хачин улс. Уран бүтээл амжилттай байвал хүүхдүүдтэйгээ тоглож наадаад л, тааруухан үед нь элдвийг авч чулуудан жигтэйхэн муухай аашилж, нөхөдтэйгээ нийлж балгадаг. Тэр бүгдийг тэвчиж, давна гэдэг амаргүй. 10 хэдхэн настайгаас 70 гартлаа байнга дэмжиж, миний төлөө хөөцөлдөж явсан нь уран бүтээлээ тууштай хийхэд минь гүн туслалцаа болсон. Өнөө өглөө хүртэл тэмдэглэлийн дэвтэр дээрх, Отгонд зориулсан шүлэгнүүдээ уншсан. Түүнд зориулсан бүхэл бүтэн ном, хэд хэдэн тэмдэглэлийн дэвтэр шүлэг бий” хэмээн Д.Гармаа гуай хэлсэн. Түүний гэргий А.Отгонтой ярилцсанаа хүргэе.
-Гармаа гуайтай анх хэрхэн танилцаж байсан бэ?
-Та нарын ярьдаг шиг найрах гэх ойлголт бидний үед байгаагүй. Заяаны хань зам дээр гэдэг шиг л хэн, хэнээ эртнээс мэддэг байгаад л нэг гэрт орсон доо. Манайх Хөвсгөлөөс Төв аймгийн Шохой цагаан булагт нүүж очсон юм. Өвгөний маань гэр манайхаас хонины хашааны зайтай. Тэднийх сарлаг, хайнаг, ямаа, хоньтой боломжийн айл байлаа. Сарлаг нь өтгөн сүүтэй болохоор аав тэднийхээр байнга орж, гарна. Би эхээс долуулаа, дөрвөн ах, нэг эгч, эмэгтэй дүүтэй. Ахын найз сайн хүн, эгчийн найз эгчээс ялгаагүй л гэж хүүхдүүд боддог шүү дээ. Тэр жамаар л ахын найз гэсэн утгаар хандаж, хүүхэд байхад түүнийг нэг их анзаардаггүй байлаа. Надад сурлагын амжилт хүссэн захиа занаа бичдэг байсан. Хожим ахлах ангид ороод хамтын амьдралаа эхлүүлсэн. Надад зориулж шүлэг бичиж, ном зохиол бэлэглэнэ. Сайхан шүлэг унших ч үгүй мөн сайхан байдаг шүү.
-Танд түүний юу нь таалагдсан бэ?
-Ерөөсөө л хүн чанар нь. Айлын ганц хүүхэд гэхэд элдэв аашгүй, хүмүүжилтэй хүү гэж ах нар магтдаг байлаа. Ах нар намайг жаахнаар минь л төсөөлж, түүнтэй сууна гэж ер бодоогүй байх.
-Та бие давхар болсноо нөхөртөө дуулгахдаа хоёр цэцэг зурж хооронд нь ишээр холбоод дунд нь жижиг нахиа дүрсэлж явуулсан гэдэг байх аа?
-Уг нь би болхи, хөдөөний тэнэгдүүхэн зангаар зүгээр л цэцэг зураад явуулсан юм. Түүнийг манай өвгөн “Ингээд цэцэг зураад байгаа нь ямар учиртай юм бол” гэж Долгорын Нямаад үзүүлж л дээ. Өнөөх нь аль хэдийнэ гэр бүл зохиосон болоод ч тэр үү, “Жирэмсэн болсон байна” гэж тайлбарласан гэдэг. Мундаг улс сайхнаар ургуулан бодож, ойлгоод намайг сэтгэсэн болгоод хэлсэн нь сайхан санагддаг. Угтаа бол би үнэ цэнэтэй юм хийж чадаагүй хүн.
-Танайх гурван охинтой гэсэн. Хүүтэй болохыг битүүхэн хүсдэг байсан биз?
-Манай Үнэнцэцэг, Үнэнсайхан, Үнэнсанаа гээд гурван үнэн орсон нэртэй охид Отгонбаатар, Отгонбаяр, Отгон гэсэн залуустай ханилсан нь сонин хувь тавилан байгаа биз. Би анх 16 настайдаа ээж болсон шүү дээ. Тэр үеэсээ л хүүтэй болохсон гэж боддог байсан. Бага охиныхоо хүүг Гармаагаар овоглосон нь одоо 20 гарсан залуу бий. Охин хүүхэд их дөлгөөхөн. Аав нь ажлаа хийж байна, миний хүүхдүүд чимээгүй гэхэд өлмий дээрээ явах жишээтэй. Хөвгүүд “туурай” чангатай шүү. Гурван охинтой боллоо гэж бодоод байтал тэднээс дандаа хүү гарсан. Сүүлдээ дахиад л хүү юу гэж залхах маягтай болж байгаа юм чинь.
-Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр та шүлэг, зохиол оролдож байв уу?
-Базаахгүй дээ. Аль дивангарын үед, 30 гаруй жилийн өмнө ганц, хоёр шүлэг сонинд хэвлүүлж байсан. Хэл бичгийн ухааны доктор Ж.Гунаас үрэн, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Сүрэнжав нарын МЗЭ-ийн шагналт зохиолч миний ах нар болохоор ч тэр үү, нэг хэсэг шүлэг яруу найраг сонирхсон. Бүр Б.Явуухулан гуайн өмнө ичих ч үгүй шүлгээ уншиж байсан гээд бод доо. Залуу оргилуун нас л юм даа. Б.Явуухулан гуай манайхаар үргэлж орж гардаг байсан юм. Миний шүлгийг сонсоод “Та хоёр битгий ширээ булаацалдаад бай. Нэг нь л сайн эзэмш. Чиний шүлэг цагаан магтаалтай юм байна” гэхэд нь их ичиж билээ. З.Баттулга гуайн удирддаг утга зохиолын дугуйланд явахаар болов оо. Хэдэн өдөр яваад байтал манай өвгөн удирдахаар болсон гээд ороод ирдэг юм байна. “Намайг юм бичихээр нөхрөөрөө бичүүлсэн гэж улс амьтан ярих биз, түвэг” гээд больсон доо. Одоо бодох нь ээ, хайр дурлал ажил мэргэжил, хайгуулчны тухай бичиж явж.
-Ингэхэд та ямар мэргэжилтэй вэ?
-Дээхнэ үед Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийн сэтгүүлзүйн анги дүүргэсэн. “Үнэн” сонины эрхлэгч Г.Дэлэг, Монголын зохиолчдын хорооны дарга Д.Цэдэв, О.Пүрэв, Л.Содов гээд л мундаг багш нараар хичээл заалгаж байлаа. “Хөдөлмөр” сонин, Монголын үндэсний олон нийтийн радиод хэсэг ажиллаж байгаад больсон. Сэтгүүлчийн ажил цаг наргүй. Өвгөн бас зогсоо зайгүй ажилтай. Ингэхээр өнөө гурван охины үс гэзгийг самнахаас эхлээд оройн хоол унд хийх гээд ар гэрийн ажил амжихгүй. Тэгээд нэг нь өөрийгөө золиослохоос өөр арга байгаагүй. Хуучин ажиллаж байсан Геологийн төв лабораторидоо дагалдан инженер, лаборант гэсэн ажил хольж хийсээр тэтгэвэртээ гарсан.
-Гармаа гуай зохиолдоо таныг дүрсэлсэн нь хэр олон бэ?
-Хөөрхий минь, зохиол бүгддээ л тусгаснаа хэлж ярьдаг юм. Угаасаа ч зохиолч хүнд хань ижил, үр хүүхэд нь хамгийн ойр дотно байдаг болохоор тэднийх нь зан араншин, үйлдэл бүхэн ямар нэгэн хэлбэрээр багтсан байдаг. Тухайлбал, “Чулуу залгидаг охин” гэж зохиол байна. Манай охины ид худлаа ярьдаг байсан үе. Өвгөн бид хоёр хоолоо хийж байтал “Би чулуу залгичихсан” гээд царай нь хачин болчихсон хэлж байх юм. Санаа зовж, өтгөнөөр нь гадагшлах байгаа даа гээд хараад л байлаа, юм мэдэгдсэнгүй. Маргааш бүр хоолойгоор нь ч багтахааргүй чулуу гараараа дүрслээд би ийм томыг залгисан гэхэд нь л худлаа ярьж байгааг нь мэдсэн. Өвгөн маань хүүхдүүдтэйгээ их тоглож, ярианаас нь сэдэв авна. Юм бичиж байхад нь нуруун дээр нь асаж, өвөр дээр нь гараад байхад ч ер тоодоггүй байж билээ.
-Тэгвэл зохиолынх нь дүртэй хардаж байсан удаа танд бий юү?
-Би хэнэггүй талдаа хүн болохоор ч тэр үү, хардах сэрдэх, гомдох, тэмцэхийг мэдэхгүй. Тэр битгий хэл, архи дарс уугаад ирэхэд нь хүртэл айхтар хүлээж авдаггүй байсан. Амьдралаа хэрхэн сайхан авч явах вэ гэх бодол л толгойд эргэлддэг байсан. Ажиглаад байх нь ээ, бага охин минь миний энэ занг дуурайсан юм билээ. Бид багадаа ээжээсээ өнчирч аав багыг нь томчуудад нь даатгачихдаг байсан болохоор их эрт биеэ даасан гэж боддог. Ганц бие эр долоон хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг яггүй.
-Зохиолчийн араншин бусдынхаас хэр өөр вэ. Уран бүтээлчийн эхнэр ямар байх ёстой вэ?
-Зохиолч нар бүтээлээ бичих бүртээ өөрөө дотор нь орчих шиг болдог. Үхэл хагацалтай юм бичвэл ярих нь цөөрөөд цаанаа л гунигтай байдаг бол хүүхдийн зохиол бичихээрээ хөгжилтэй байх жишээтэй. Уран бүтээлчид гэдэг аливааг өргөнөөр сэтгэдэг. Дөрвөн хананы дотор багтаачихаар хүмүүс биш.
-“Залуу бүсгүйн хувьд хамгийн аймшигтай, эмгэнэлт алдаа бол урлагт дурласан хүнтэй гэрлэх явдал юм. Тэднээс та хүний мөн чанар, амьдралын тухай, эр эм хүмүүсийн харилцааны талаар олон зүйлийг өндөр түвшинд мэдэж авах болно. Гэхдээ аливаа ядуу зураач, оюуны хөдөлмөр эрхэлдэг хүн өөрийг нь асарч тэтгэх эмэгтэйг л хайдаг. Урлагийнханд амар тайван амьдрал, хууль ёсны үр удам бус, харин янз бүрийн мэдрэмж чухал байдгийг санаж яв” гэж Английн яруу найрагч, зохиолч Ричард Олдингтоны хэлсэнтэй санал нийлэх үү?
-Хийж, бүтээе гэж зорьсон хүний ар тал нь их сайн л байх ёстой. Нэгэнт ханилахаар шийдсэн л бол арыг нь дааж, биеийг нь асран, бүх талаас дэмжих л хэрэгтэй. Нэр цуутай, амжилттай яваа эрчүүдийн ард үргэлж хөдөлмөрч, сүрхий эмэгтэйчүүд байдаг. Өөрийгөө дөвийлгөсөн болох вий. Гэхдээ би тэдний л нэг.
-Та хоёрын хамтын амьдралын хамгийн аз жаргалтай хийгээд хүнд хэцүү үе хэзээ тохиосон бэ?
-Манай дунд охин хэдхэн жилийн өмнө өөд болсон. Гуравхан юмны нэг нь байхгүй болохоор их хүнд туссан. Гэхдээ өөд болсон ч гэлээ байгаа юм шиг л санадаг. Ярихдаа ч гэсэн энэ хорвоод байгаа юм шиг л ярих гэдэг. Сүүлийн үед өвгөний бие чилээрхүү байгаа. Охиныхоо төлөө шаналсаар байгаад бие нь муудсан гэж бодож байна. Харин анх удаа ээж, аав нэр зүүхэд хамгийн их аз жаргалтай байсан. Ялангуяа эмэгтэй хүүхдүүд аавдаа их халамжтай.
-Аавыгаа арай их халамжиллаа гээд гомдонгуй байна уу?
-Үгүй ээ, ээжийгээ ч бас асарна. Би гэрт их л сайндаа тоос соруулна. Бусдыг нь хүүхдүүд цэмбийлгэчихдэг. Сүүлийн үед “Аавын бие тааруухан байгаа шүү. Та сайн харж хандаж байгаарай” гэдэг болсон байна лээ. Тэгэхээр нь би ухаандаа барьцаж байгаа юм уу даа, мөчөөгөө өгөлгүй, “Би ч бас өтөлж байгаа, мэдэв үү” гэдэг.
-Хүн хэдэн насандаа гэрлэвэл тохиромжтой вэ?
-Элдэв муу санаа суугаагүй, гэнэн томоогүй байхдаа хүнтэй суусан нь дээр болов уу. 20 нас нэлээд гарахаараа хүний муу талыг нь их ажигладаг болчихдог. Бид хоёр юу ч мэдэхгүй, ёстой л галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй бага залуу насандаа нийлсэн. Тэр үед бид бүхнийг сайхнаар төсөөлж, хамтын амьдралаар энэ насаа элээнэ л гэж санаж, тэр байдалдаа ч итгэсээр өдий хүрсэн. Хүн хүндээ итгэх хамгийн чухал. Орчин цагийн охид их шүүмжлэлтэй санагдаад байгаа юм. Сайхан охид олон байна л даа. Гэхдээ архи ууж, шөнийн бор хоногтоо гэртээ ирдэг охид ч бас байна. Охид ийм байхад тэр айлын нөхөр нь яах билээ. Эхнэр, нөхөр хоёулаа тийм болчихвол тэр айл хэцүүеэ. Уг нь эмэгтэй хүн эрчүүдээ залж, чиглүүлдэг шүү дээ. “Жаргал ихэдвэл зовлон болдог” гэж аав минь үргэлж захидаг байсан.
-Таны аав хүргэнийхээ тухай юу гэдэг байв?
-Юм хэлэхгүй ээ. Манай аав төвд ном чангаар уншдаг хүн байсан. Ямар сайндаа хадмынхан “Танай аав яасан чанга маани уншдаг юм бэ” гэнэ. Манайд аав ирэхээрээ өглөөнөөс орой хүртэл судар бариад гэр тойроод л алхчихна. Нөхрийн ирэх цаг дөхөхөөр “Гармаагийн ном минийхтэй таарахгүй” гээд хураачихдаг байсан.
-Гармаа гуай таныг хэр их баярлуулж байв?
-Гадаад, дотоодоос үнэтэй шуба, гутал хувцас гээд өчнөөн гял цал юм авчирч, бишгүйдээ л баярлуулсан. Гэхдээ хүлээн авалт, энд тэндхийн арга хэмжээнд оролцож ирээд халаасаа ухаж, ухаж гаргаж өгдөг ганц чихэр илүү амттай санагддаг. Тийм газар очихдоо хүртэл ханиа бодож байна гэдэг сайхан. Бүсгүй хүн тэгж л хүлээж авч, жижигхэн зүйлд хүртэл баярлаж байх хэрэгтэй болов уу.
-С.Эрдэнэ, Лувсанцэрэн, Лхамсүрэн зэрэг зохиолч танайхаар орж гардаг байсан гэж дуулсан. Хуучны уран бүтээлчдийн талаар дурсахгүй юу?
-Лхамсүрэн, Явуухулан, Ч.Чимид гуай манайд ирээд сайхан унтаад өгдөгсөн. Нэг удаа пид хийх чимээ гарахаар нь хартал Чимид гуай унтаж байгаад төмөр орноосоо уначихсан байж билээ. Явуухулан гуайг ирэхэд нь тагтан дээр гудас дэвсэж өгөөд, шар айраг хажууд нь тавьчихаад зогсож байлаа. Тэгтэл мань эр сууж байснаа тонгойгоод “Доошоо бол” гээд өвдөгнөөс татаад байх юм. “Тэр явж байгаа хүнийг харж байна уу, хэн бэ” гэхээр нь “Наймдугаар орцны Мажиг явж байна” гэхэд “Тэгээд яагаа вэ. Намайг харчихвал эгч рүүгээ утасдаад ийм сайхан юмнаас салгаад авчихна шүү дээ” гэсэн. Мажиг гэдэг нь Явуухулан гуайн эхнэрийн дүү юм.
Б.ДӨЛГӨӨН