Тавин дөрвөн жилийн өмнө буюу 1961 онд сансрын анхны нисэгч Юрий Алексеевич Гагаринтай хийсэн ярилцлагыг ЗХУ-ын “Комсомольская правда” сонинд ийм гарчигтайгаар нийтэлж байжээ. Энэ бол түүнтэй хийсэн анхны ярилцлага гэдгээрээ бас онцлогтой. Хүн сансарт анх ниссэний түүхэн ойн өдөр өнгөрсөн ням гаригт тохиосонтой холбогдуулан, Оросын “Комсомольская правда” сонин архивтаа хадгалагдаж буй эл ярилцлагыг дахин нийтэлснийг хүргэе.
Хүн төрөлхтний мөнхийн мөрөөдлийг бодит болгож, сансарт очоод ирсэн дэлхийн баатар эх дэлхийдээ газардсаны дараах өдөр нь ярилцлага авсан азтай хүн бол тус сонины тусгай сурвалжлагч, 32 настай Василий Песков, 35-тай Павел Барашев нар байжээ. Тэдний хийсэн сурвалжлага, ярилцлагыг “Комсомольская правда” сонин 1961 оны дөрөвдүгээр сарын 13, 14-ний дугаарын IV нүүртээ нийтэлсэн юм байна.
Бид сансрын анхны нисэгч Юрий Гагаринтай уулзахаар түр байр луу нь явлаа. Тэрбээр биднийг өөрийн биеэр угтан авсан юм. Намхандуу нуруутай, царай нь наранд нэлээд борлосон, чийрэг эр элгэмсгээр хоёр гараа сунган “Комсомольская правда”-гийнх уу, танилцсандаа баяртай байна” гэж мэндлэв.
-Бие тань ямар байна вэ?
-Та бүхэн харж байгаачлан…
-Та дэлхийдээ буугаад хамгийн түрүүнд хэнийг харав?
-Маш сайн санаж байна. 35 орчим настай эмэгтэй хүн байсан. Бодвол хамтралч бүсгүй болов уу, толгойдоо алчууртай байсан. Тэрбээр талбай дээр нэг охинтой хамт зогсож байсан. Тэд надад ойртох, эсэхээ шийдэж ядаад, эргэлзэж байгаа бололтой харагдсан. Тэгэхэд нь би “Би орос хүн, Зөвлөлтийнх” гэхэд бүсгүй нэлээд ойртож ирээд гараа сунгасан... Тэр бол миний хувьд маш их аз жаргалтай мөч байсан. Эмэгтэйг Анна гэдэг юм, овгийг нь мартчихаж, тун харамсалтай. Уучлаарай, дөнгөж буугаад байсан тэр үед ямар байсныг та бүхэн ойлгоорой... Хэрэв тэр эмэгтэй сонин уншаад холбогдвол овог, нэрийг нь бүтнээр нь мэдэж авахдаа баяртай байх болно.
-Та өнөөдөр сонин харж амжив уу. Москва таниар ямар их бахархаж, баярлаж байгааг мэдэв үү?
-Тийм ээ, танай сониныг харсан.
Бид түүнд сониныхоо шинэ дугаарыг өглөө. Юрий эхнэрийнхээ, охидынхоо зургийг инээмсэглэн харж байснаа
-Тэгэхээр та бүхэн намайг нисэх үед гэрт минь байж, сурвалжилсан байх нь ээ. Тэдний минь санаа их зовсон байх даа...
-Эхнэрийн тань нүд нулимстай байсан. Санаа нь үнэхээр их зовсон. Таныг хөөрөх үед энэ зургийг авсан юм. Аленкаг хараач, алим идэж байна.
-Тийм шүү, Аленка алиманд нугасгүй.
-Та энэ зургийг санаж байна уу. Хаанаас авсан гэж бодож байна вэ?
-Өө, миний зургийн цомгийнх байна шүү дээ гээд инээмсэглэх тэрбээр үзгийг минь аваад тэрхүү гэрэл зургийн нэг буланд “Комсомольская правда”-гийн редакцад. 13.IV.61. Ю.Гагарин” гэж гарын үсгээ зурж “Төрөлх комсомолоор минь овоглосон сониныхоо уншигчдад миний чин сэтгэлийн мэндийг дамжуулаарай” гэв.
Орой болжээ. Цонхны цаана ой мод цэнхэртэн, голын ус мөнгөлөг туяагаар нүд гялбуулах аж. Юрий Гагарин үүнийг хараад “Дэлхий..., манай дэлхий. Ямар төгс үзэсгэлэнтэй юм бэ” гэв.
Бидний яриа өнөөдөр ингээд өндөрлөлөө. Маргааш хүртэл баяртай.
Сансрын нисэгч Юрий Гагарин газардсан дүүргээс В.Песков, П.Барашев. 1961 он, дөрөвдүгээр сарын 13, 21.00 цаг.
Манай тусгай сурвалжлагч нар Ю.Гагаринтай Москва хүртэл хамтдаа байж, 75717 дугаартай “Ил-18”онгоцонд ярилцлагаа үргэлжлүүлэн, сурвалжилсаныг хүргэе.
Бид шөнө цурам хийсэнгүй. Бидэнтэй адил сая сая хүн энэ шөнө нүдээ хамхиж чадаагүй нь лав. Учир нь тэд Юрий Гагарин Москвад буухыг тэсэн ядан хүлээж байлаа. Баатар эрийг Москвад хүргэх онгоцны буудалд нэвтэрч, сурвалжлах зөвшөөрөл авсан сэтгүүлчид хязгааргүй аз жаргалаар бялхаж байлаа. Дөнгөж үүр цаймагц бид байрлаж байсан газраасаа гарсан. Хаврын дунд сарын энэ өглөө цастай байсан. Юрий Гагарин эх дэлхийдээ буугаад, нэг өдөр түр байрласан байшин руу бид цасан ширхгүүдтэй уралдах шахуу явсаар хүрэв. Тэгтэл хэн нэг нь “Нөхөд өө, аяар гэм. Тэр амарч байна!” гэхэд л хатуу журамтай тусгай газарт байгаагаа гэнэт ухаарч, дор бүрнээ дуугаа намсгасан. Тэр хүн бараг дэргэд минь шахуу амарч байгаа, сансарт ажиллаад ирсэн баатар минь.
Ингэж байтал тэрбээр гэнэт л гараад ирлээ. Ганц шөнийн дотор л залуужиж, шинэчлэгдсэн мэт өнгөлөг, хүч тэнхээтэй харагдана. Тэрбээр цэх алхсаар хаалт даваад, эргэн тойронд байгаа хүмүүстэй нэг бүрчлэн гар барин мэндлээд “За, өнөөдөр Москвадаа очно” гэлээ.
... Юрий Гагарин Москва явах онгоцонд суухаасаа өмнө сансраас бууж ирэхэд нь тосож авсан сайхан нутгийг тойруулан нэг харж, хэсэг дуугүй зогсов. Ойн дээгүүр үүл суужээ.
Нисгэгч Борис Павлович Бугаев, Петр Михайлович Воробьев нар сансрын нисэгчийг машиндаа (Сансрын нисэгчийн хувьд онгоц үнэндээ машинаас өөрцгүй биз) урилаа. Агаарын хөлгөө залуурдан, жолоодож эх орныхоо дээгүүр, Атлантын далайг гатлан, Ази, Африк тивд хүрч байсан тэд асар туршлагатай нисгэгчид билээ. Эх орон тэдэнд итгэж, сансарт очоод ирсэн баатраа даатгасан нь энэ.
...“Ил-18” хүнгэнэн, хөдөлгүүр нь аслаа. Зорчигчдын суудлын ард байгаа “Тамхи татахыг хориглоно. Суудлын бүсээ хийнэ үү” гэсэн сануулгыг уншаад Юрий үл мэдэг инээвхийлэхийг би анзаараадахав. Журам бол журам шүү дээ. Тэрбээр онгоцны бүхээгийн үйлчлэгч Инна Давыдоваг харж байхад аюулгүйн бүсээ хийж, шалгаад, эелдгээр инээмсэглэсэн. Онгоцны ажилтан эмэгтэй ч түүнд инээмсэглэлээр хариу бариад “Нөхөд өө, бид 7000 метр өндөрт нисэх болно...” гээд сансарт нисээд ирсэн хүн рүү онцгойлон харав. Тэгэхэд Юрий мөн л үл ялиг инээмсэглэх аж. Газраас 7000 метр өндөрт...Ердөө хоёрхон өдрийн өмнө энэ хүн 3000 гаруй км өндөрт дэлхийн дээгүүр нисэж явсан шүү дээ.
Үйлчлэгч “Бид цагт 650 км хурдтай нисэж явна” гэж зарлалаа. 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд Юрий Гагариныг од мичдэд хүргэсэн сансрын хөлгийн хурдтай үүнийг зүйрлэх аргагүй юм.
Далавчин дээрээ “СССР” хэмээн томоор тод бичсэн “Ил-18” агаарын хөлөг үүлэн дээгүүр хөвсөөр. “СССР” гэдэг нь 40 гаруй жилийн турш сансар судлалаар дэлхийд тэргүүлсэн, сансарт анхны шан татсан улсын нэр билээ.
Бид үүл харж, тэнгэр дээгүүр нисэх аялалдаа ач холбогдол өгөлгүй, эх орныхоо даалгаврыг биелүүлээд, сансраас эргэн ирсэн хүнээс элдвийг асуухыг хүсэж байлаа. Гэтэл онгоцны ахмад Юрийг өөрийн бүхээгт урьж “Бидэнтэй зэрэгцэн суухыг зөвшөөрнө үү” гэхэд тэрбээр хүүхэд шиг хөөрч “Дуртайяа зөвшөөрнө. Тэр бол миний хувьд юу юунаас илүү үнэ цэнэтэй суудал” гээд бүхээг рүү явлаа. Москвагийн цагаар 10.50 гэхэд Бугаев бүхээгээсээ гарч ирээд хөгжилтэй нь аргагүй
-За, ахан дүүс минь, буугаад бужигнуулах уу, газраас холбоо өгөхгүй байна гэхэд тэнд явсан сэтгүүлчид Юрийгээс ганц үг боловч сонсохыг хүсэж байгаагаа хэлж, ам амандаа шуугьж гарлаа. Сансрын нисэгчийн сэтгэгдлийг сонсох гэж аргаа барсан бидний зарим нь нэлээд уурсангуй шаардаж, зарим нь гуйж байв. Тэгтэл тэрбээр “Одоо Москва руу 75716 дугаартай өөр нэгэн “Ил-18” нисэж яваа. Никита Сергеевич Хрущев баатартайгаа уулзахаар явж байгаа юм” гэж хэлээд дуустал бүхээгээс Юрий гарч ирээд суудалдаа тухалснаар бидний ярилцах ээлж ирлээ.
-Тэр дээр сансраас дэлхий ямар харагдаж байв?
-Би дэлхийг гэрэлт цагариг гэж харсан. Тээр тэнд байгаа (Тэрбээр тэнгэрийн хаяа руу заалаа. Цагаан зузаан үүлс манантай нийлж, хөхөлбөртөн харагдах аж) шиг сансрын орон зайд дэлхий маань гүн цэнхэр өнгөтэй харагддаг юм билээ.
-Та нислэгийн үед оддыг харсан уу?
-Харсан.
-Од мичид чухам ямар байх юм?
-Хөлгийн цонхоор харахад одод яг л гэрэлт цох шиг анивчиж байсан. Харин яг ямар байдгийг нь тодорхойлж амжсангүй. Ингэхийн тулд цаг хугацаа шаардлагатай байх шүү. Ямар их хурдтай нисэж өнгөрч байсныг та бүхэн гадарлаж байгаа биз дээ...
-Хөлгийн тань цонх ямар хэлбэртэй вэ. Дөрвөлжин үү, дугуй юу?
-(Инээснээ) сайн цонх, маш сайн! Том мөрөн гол, ой, уул хүртэл харагдсан. Бас том хотууд тодорхой харагддаг юм билээ.
-Африк тив глобус дээрх шигээ харагддаг болов уу?
-Ер нь бараг адилхан шүү. Глобуст итгэж болно! Хүн төрөлхтөн дэлхийгээ их тодорхой дүрсэлж чадсан. Одоо харин сансар огторгуй...Хөлөг минь дэлхийгээс холдох хязгаартаа хүрэх үед манай гариг гарцаагүй бөмбөрцөг хэлбэртэй гэдгийг би баттай харсан.
-Тэр үед Та чухам юу мэдэрч, юун тухай эргэцүүлсэн бол?
-Олон зүйл бодогдсон. Мэдээж, гэрийнхнийхээ тухай бодсон, ээжийгээ санасан, хүүхдүүд минь байна…Юу юуны түрүүнд эх орноо тавьж, бодсон. Мөн олон зүйл дурссан. Олон хүнд баярласнаа хэлэхийг хүссэн. Би сансрын орон зайд дэлхийн зааврын дагуу ажиллаж, харснаа мэдээлж, тэр бүү хэл өөрийгөө ч хянах үүрэгтэй байсан. Би жингүйдлийн нөхцөлд байлаа. Харандаа, самбар минь хаа дуртай зүг рүүгээ “зугтана”. Хүнд жинтэй хавтан агаарт өлгөгдөж, хөвөх нь сонирхолтой. Тэр самбар ч дүүрч! Би хөлөө ямар ч хүч гаргалгүй өргөж, буулгаж чадаж байсан. Бас амьсгалахад хялбар юм билээ. Заримдаа би дуулна. Москвагаас үргэлж вальс, марш гэхчлэн дуу, хөгжим дамжуулж, сонсгодог байсан. Тэгээд зогсохгүй хооллох цаг болсныг ч газраас сануулдаг байлаа.
-Та юу идэж байв?
-Тусгайлан бэлтгэсэн хүнс. Орос талхаа сансарт идсэн.
-Дэлхийгээс тантай хэн ярьдаг байсан бэ?
-Яг хэнтэй ярьж байснаа одоогоор мэдэхгүй байна.
-Тэр хүн эрэгтэй юү, эмэгтэй юү?
-Эрэгтэй. Түүний дуу хоолой ямар дотно санагддаг гээч.
-Та цаг хугацааг юугаар багцаалж байв. Ямар нэгэн төхөөрөмжөөр хянадаг байсан уу?
-(Тэрбээр бугуйн дахь цагаа заав). Энэ цагаар мэддэг байсан. (Москвагийн цагны I үйлдвэрт хийсэн жирийн нэгэн механик цаг аж).
-Сансраас ирснээс хойш цаг тань хэвийн ажиллаж байна уу?
-Секундийн зөрүүгүй явж байна.
-Дэлхийдээ газардах тушаал аваад Та юу бодсон бэ?
-Хамгийн чухал үе ирлээ гэж бодсон.
-Дэлхий таныг хэрхэн угтав?
-Цаг агаар сайхан, бага зэрэг үүлтэй ч нар ээж, зөөлөн салхилж байлаа. Тэгээд шүхэр намайг бүрхээд авах үед би татлагыг нь мэдэрч, өөрийн эрхгүй дуулсан. “Хүү нь үүлэн дунд нисэж явааг эх орон сонсож байгаа, эх нь мэдэж байгаа” гээд л хамаг чадлаараа орилон дуулж байсан.
Тийм ээ, хүүгээ эх нутаг нь сонссон. Эх нь, эх нутаг нь хүүгээ ямар байгааг, хаана явааг хором бүрт мэдэж байсан. Одоо ч түүнийг харуулдан, онгоцноос буухыг нь тэсэн ядан хүлээж байгаа. Одоо юу байх вэ, Москвад бараг хүрчихлээ.
Тэнгэрт нам гүмхэн хөвөх үүлс гэнэт ярагдан, тийрэлтэт долоон онгоц гарч ирэн, сансрын нисэгчийн сууж яваа “Ил”-ийн өмнө, хойно хамгаалалтад “зогсов”.
Нисгэгчдийнх нь инээмсэглэх царай бидэнд тод харагдана. Юрий тэднийг хэсэг харж байснаа гараараа даллав. Тэгснээ үйлчлэгчийг дуудаж,
-Тэдэнд би мэндчилгээ дамжуулж болох болов уу, холбоочноос асуугаад өгөөч...
Удалгүй холбоочин “Сөнөөгч онгоцны нисгэгч нөхөд өө, та бүхэнд Юрий Гагарин халуун мэнд дамжуулж байна” гэснийг бид ч сонссон. Тэгтэл эргэн тойронд нисэх тийрэлтэт хөлгүүдийн далавч бага зэрэг дайвалзах нь тэр. Сансрын нисэгчид барьсан хариу мэндчилгээ нь тэр аж.
Онгоц газардах дөхөж, Москва орчмын тосгодын дээгүүр нисэх үед доор пиг хүн харагдана. Тэд сансрын нисэгчээ саравчилж байгаа нь лав. Дэлхий Гагариныг хүлээн авахаар баярлаж байна. Ингээд Москва дээгүүр нисэх үед хотын гудамжнууд, Улаан талбай гээд хаа саагүй улаан туг барьсан хүнээр “үерлэсэн” харагдав. Юрий цонхонд нүүрээ наажээ. Сэтгэл нь хөдөлсөн нь илт. Царайд нь аз жаргал дүүрэн.
-Юра ийм мөчийг удаан хүлээв үү?
-Ийм зүйл хүлээж байсангүй. Надад ийм хүндлэл ирнэ гэж...төсөөлөө ч үгүй.
Внуково онгоцны буудал. Онгоц газардах чимээг би анзаарсангүй, сонссонгүй. Дэлхий эхээс нь дутахгүй хүүгээ зөөлөн тэвэрч авлаа. Энэ л үед Юрий Гагарин цонхноос холдож “За, ингээд гэртээ ирчихлээ” гээд уртаар амьсгаа авсан.
Онгоцны хаалгыг мөдхөн онгойлгоно. Хүмүүс алс огторгуйгаас ирсэн сансрын баатартайгаа уулзах мөч ирлээ.
В.Песков, П.Барашев. “Комсомольская правда”, 1961 оны дөрөвдүгээр сарын 14.