Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 65 жилийн ойн хүрээнд тус чуулгын уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийн бие даасан тоглолтоо цувралаар толилуулахаар болжээ. Тус чуулгын удам дамжсан бүжигчин, гавьяат жүжигчин Алтангэрэлийн Даваахүү энэ буухиаг эхлүүлж дөрөвдүгээр сарын 25, 26-нд "Хүлэг минь, Бүжиг минь, Хүсэл минь" тоглолт хийх гэнэ. Соёлын төв өргөөнд болох эл тоглолтод Зууны манлай, Төрийн шагналт бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг ангийнхан болон "Түмэн эх" чуулгын бүжигчид оролцоно. А.Даваахүүгийн "Салхит шувуу" бүжгийг монголчууд их сайн мэддэг. Эрчим, салхи, эрч хүч мэдрүүлсэн түүний бүжгүүдийг багтаасан тоглолтын тасалбар 15.000, 20.000 төгрөгийн үнэтэй. Тоглолтын тасалбарын захиалгыг 99960882, 89015888 утсаар авах юм байна.