Энэ алим алганд багтахаар жижиг биш ч бяцхан зүрхэндээ нандигнан хайрлаж чадвал, ургаж,төлжиж, цэцэглэнэ. Үргэлжлүүлээд үр хүүхдийг минь тэжээнэ, тэтгэнэ. Дуусашгүй шимтэй, дундрашгүй баялагтай энэ алимыг Дэлхий гэдэг юм. Гариг од эрхсийн дундаас амьд ертөнцийг цогцлоож, хүн төрөлхтнийг тэтгэн амилуулсан Дэлхий хэмээх энэ гаригт урьд цагт хүн ард нь маш их хайртай байсан. Цаг хугацааны эрхээр Дэлхийд байгаа бүхэн энгийн санагдаж, түүний хэвлийг онгичиж, үнэ цэнэтэй бүхнийг нь ахиухан уутлан авах сувдаг сэтгэл хүмүүст бий болж, гамшиг эхэлсэн юм.
Эх дэлхийд эмх замбараагүй байдал үүсэж, үйлдвэр, машины утаа, хорт бодис агаарт дэгдэж, энд тэндгүй сэндийлсэн газар үзэгдэнэ. Сагсайсан алимтай сайхан модны нэгэн алим ганцаархнаа өтөж, ялзарч, муудсан байна. Сансар огторгуйн энэ олон гаригийг алимтай зүйрлэвэл, тэр дунд ганцхан алим шаналж, зовж, тарчилж байгаа. Энэ бол дэлхий. Өтөж муудаад, сүйрлийн ирмэгт ирсэн дэлхийгээ аврахаар хорхой шавьж, жигүүртэн шувууд, ан амьтан, хүн төрөлхтөн нэгдэж байгаа тухай өгүүлсэн нэгэн тоглолт удахгүй “Улаанбаатар” чуулгад болно.
“Алим” нэртэй энэ хөтөлбөрийг циркийн найруулагч Ю.Гэрэлбаатар найруулжээ. Хүүхдэд урлагийн боловсрол олгохын зэрэгцээ байгаль эх дэлхийгээ хайрлан, хамгаалж, бусадтай нэгдэж, хамтран зүтгэж, сайн сайхныг цогцлоохын ач тусыг ойлгуулах энэ хөтөлбөрийг “Бяцхан Моцарт” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Баттуяа санаачилсан юм. Тэрбээр сар гаруйхны өмнө “Петя чоно хоёр” симфони үлгэр тоглуулж, бяцхан үзэгчдийг сонгодог урлагт дурлуулж, олон төрлийн хөгжмийн зэмсэг танидаг болгосон. Тэгвэл энэ удаа циркийн урлагийг хүүхдүүдэд танилцуулна.
“Алим” хөтөлбөрт акробат, гимнастик, жонглёр, тэнцвэр, чанга утас гэсэн циркийн үндсэн таван төрлийг танилцуулах бөгөөд шувуудын дүрд агаарын гимнастикч, ажилчдын дүрд жонглёрчид, эрвээхэйн дүрд цагаригаар наадагч, сармагчны дүрд акробатын жүжигчид хувирах юм. Циркийн урлагийг видео арттай хослуулсан энэ хөтөлбөрийн компьютер графикчаар Г.Түвшинбат ажиллаж буй. Жүжигчдийн нүүр будалтыг “Kryolan” студийнхэн хариуцаж байна. Хөтлөгч Т.Төрболд, Э.Чинзориг нар энэ тоглолтын үеэр ойн савдгийн дүрд хувилах юм билээ. “Алим” хөтөлбөр дөрөвдүгээр сарын 28-наас үзэгчдийн хүртээл болох юм.
Хүүхдийн урлагийн болон экологийн боловсролыг дээшлүүлэх гол зорилготой бүтээж буй энэ уран бүтээлийг “Ирээдүй” цогцолборынхон талархан хүлээн авч, эхний тоглолтыг нь үзэхээр болсон байна. Өмнө нь симфони үлгэр тоглуулахдаа “Бяцхан Моцарт”- ынхан үзэгч багачуудыг сургуулиас нь автобусаар зөөж, Улаанбаатар чуулгад авчраад тоглолтын дараа хүргэж өгч байсан. Энэ нь өндөр зардалтай хэдий ч хүүхдэд зориулсан сэтгэлийн илэрхийлэл учраас талархал илэрхийлмээр санагдав.
“Бяцхан Моцарт” төрийн бус байгууллагынхан ирэх намар хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Туулай жил” хөгжимт үлгэрийг тоглуулах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Үндэсний хөгжмийн зэмсгүүдийг хүүхдэд танилцуулахын зэрэгцээ 12 жилийн тухай сургамжит үлгэр хүүрнэх энэ хөтөлбөр үндэсний өв соёлыг таниулахад үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Мөн энэ ондоо багтааж Ж.Россинийн “Бяцхан үсчин” дуурь тавих зорилт ч бий. Урлагийн олон төрлийг хүүхэд, багачуудад танилцуулж, ирээдүйн үзэгчдэдээ бэлтгэхийн зэрэгцээ урлагаар дамжуулан бие хүн болох замналыг нь дэмжиж буй энэ хөтөлбөрүүдийг санаачлан зохион байгуулж байгаа тэдний үйлс, уран бүтээл өөдрөг байх болтугай.
Ж.СОЛОНГО