Өөрийн амьдралаар монголын урлагийн түүхийг бичилцэж, олон түмэндээ зууны манлай дуучин хэмээн өргөмжлөгдсөн төрийн шагналт, ардын жүжигчин дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан энэ жил 70 насны ойтой золгож байна.
Зууны манлай дуучин Х.Уртнасан нь Дж.Пуччиний “Чио Чио сан” дуурийн Чио Чио Сан, Б.Дамдинсүрэнгийн “Амарсанаа” дуурийн Гэрэлгуа, А.Бородин “Игорь ван” дуурийн Ярославна, Учиртай гурван толгойн Нансалмаа зэрэг олон сайхан дүрийг тайзнаа мөнхөлсөн билээ.
Тэрээр 1973 онд Берлин хотноо болсон ДЗО-ны аравдугаар их наадмын тэргүүн байрыг эзэлсэн юм.
Москвагийн Их театр, Кремлийн их хурлын ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Софи хотын “Ардын театр”, Плевен, Варна, Стара, Загора хотын дуурь бүжгийн театруудад уригдан тоглож байсан билээ.
Тэрээр дэлхийн сонгодог дууриудын тунгалаг хоолойгоор дуулаачдад зориулсан дүрүүдэд тоглож, өөрийн орны хөгжмийн зохиолчдын нийтийн дууны урлаг болон мэргэжлийн дууны бие даасан төрөл зүйлийг хөгжүүлэхэд маш том хувь нэмэр оруулсан уран бүтээлч.
Түүний энэхүү эрхэм өдрийг тохиолдуулан урлагийн гавъяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулган "Их ёслолын дуун" хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Тоглолт энэ сарын 19-ны өдөр Соёлын төв өргөөнөө 17:00 цагт болох аж.
Тэрээр 1980-аад оны бүхий л уран бүтээлд голлох үүргийг гүйцэтгэж ирсэн уран бүтээлч билээ. Өдгөө ч тэрбээр улс эх орондоо суу алдраа дуургах олон сайхан шавь нарыг төрүүлэн гаргасаар яваа.
Энэхүү "Их яруу дуун" арга хэмжээнд нийслэл хотын бүх урлагийн байгууллагын төлөөлөл оролцож хийж бүтээсэн их үйлсэд нь талархал илэрхийлэх юм. Мөн олон жил энэ л тайзнаа олон ч сайхан дүрийг бүтээсэн хамтран тоглогч ардын жүжигчин А.Хавлааш хүрэлцэн ирж оролцох юм байна.
Тоглолтод УДБЭТ, УДЭТ, ҮДБЭЧ, ЦДБЭЧ, Улсын филармони, ХЦДБЧ, ХБК, Төв аймгийн “Монгол туургатан” болон Булган аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон оролцож, хүндэтгэл үзүүлэх юм.
Улсын дуурь бүжгийн эрмийн театрын захирал Ч.Мөнхзул “Театр байгуулагдаад өдгөө 53 жил болж буй. Энэ түүхэн хугацаанд тус театраас 2000 гаруй уран бүтээлчид төрөн гарсан байдаг. Өнөөдрийн энэ түвшинд хүрэхэд ахмад уран бүтээлчид, анхдагчуудын маань гавьяа маш их бий. Тиймээс энэ дөрөвдүгээр сард хоёр их том хүнийхээ хөдөлмөрийн алдарыг тэмдэглэх, Монголын сонгодог урлагт оруулсан их хувь нэмрийг нь үнэлсэн, онцгой хүндэтгэл бүхий үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна. Түүний нэг нь “Их яруу дуун“ хүндэтгэлийн концерт юм.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын зөвлөх найруулагч, Урлагын гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган гуай ерөнхий найруулагчаар ажиллана. Энэхүү хүндэтгэлийн тоглолтыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театр болон Хөгжим бүжгийн коллеж хамтран зохиож байна.
Монголын урлагийн бүх байгууллагууд, үе үеийн уран бүтээлчид, алдартнууд маань оролцсон өргөн дэлгэр хүндэтгэлийн цэнгүүн болох учиртай” гэлээ.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр энэ сарын 16-нд ардын жүжигчин, балетын бүжигчин Ганбаатар гуайн хөдөлмөрийн алдарыг тэмдэглэх, балетын үдэшийг зохион байгуулахаар болжээ.
М.Болор