Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан БНСУ-д суугаа ЭСЯ-наас Монголын Шилмэл загварын төвтэй хамтран Үндэсний хувцасны загварын шоу, урлагийн арга хэмжээг энэ сарын 7-9-нд Сөүл хотноо зохион байгуулав.
Солонгосын Үндэсний Ассамблей, Лотте зочид буудал, Жүнан их сургууль дээр тус тус болсон энэхүү шоу арга хэмжээг Солонгосын төр, засгийн байгууллагын удирдлага, Парламетын гишүүд, бизнес эрхлэгчид, урлаг соёлынхон, Сөүл дэх гадаадын ДТГ-ын тэргүүн, дипломат ажилтнууд, монгол иргэд өргөнөөр үзэж сонирхжээ.
Арга хэмжээг “Ж интертаймент” студийн продюссер Д.Ганболд найруулж, дизайнер Ж.Цэлмэг, Д.Өнөболор нарын эсгий, торго, ноолууран болон гоёлын нийт 66 загварыг манай загвар өмсөгчид үзүүлж сонирхуулсны зэрэгцээ хийлч Ч.Дэлгэрцэцэг монголын сонгодог бүтээлүүдийг тоглож үзүүллээ.
Энэ үеэр монголчуудын түүх, соёл, ахуй амьдрал, эх нутгийн байгалийн тухай, мөн хоёр орны харилцааны болон Монгол Улс ардчилсан нийгэмд шилжих үеийн түүхэн ховор зургуудыг дэлгэн харуулсан “Талын салхи” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэжээ.
Харилцааны 25 жилийн ойн дээрх соёлын арга хэмжээг Солонгосын дотоодын хэвлэл мэдээллээр өргөн сурталчилж, өдөр тутмын гол хэвлэлүүд “Чосөн илбо”, “Korea Herald”, “Korea Times” сонин, мөн Монголын үндэсний телевиз тусгайлан сурвалжилсан байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулах ажилд Монголын ГХЯ, БСШУЯ, Уран зургийн галерей, мөн Намянжү хотын Монгол соёлын хотхон, Солонгосын бизнес эрхлэгчид дэмжлэг үзүүлсэн байна.