30 настай, орос залуу В.Спиридонов шинжлэх ухааны хөгжлийн төлөө буюу толгой шилжүүлэн суулгах анхны хагалгаанд өөрийн толгойг дуртайяа өгнө хэмээн мэдээлжээ. Энэ талаар “Independent” мэдээлсэн байна. Италийн мэс засалч Сержио Канаверо хэдэн жилийн өмнөөс л толгой шилжүүлэн суулгах боломжтой гэж шуугиан тарьж байсан. Тэгвэл тэрбээр өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж, ийм хагалгааг мэргэшсэн 150 эмч, сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг 36 цагийн дотор хийнэ гэжээ. Нуруу нугасны булчингийн хатингаршлын улмаас олон жил шаналж буй В.Спиридонов тус багийнханд толгойгоо өгөх санал тавьсан аж. Тэрбээр толгойг нь залгах их бие олдох үед амьсгал хураахад бэлэн гээд “Өвчиндөө шаналж, ямар ч үр дүнгүй үхсэнээс шинжлэх ухааны хөгжилд өөрийгөө тушаагаад нөгөө ертөнц рүү явбал сэтгэл минь амрах байх. Тэгээд ч миний амь талаар болохгүй, учир утгатай үхэх болно” гэж ярьжээ. Толгойны “донор” залуугийн шийдвэрээс улбаалан эмч мэргэжилтнүүдийн дунд маргаан үүсээд байгаа гэнэ. Тухайлбал, толгой шилжүүлэн суулгах хагалгаа хийх ямар ч боломжгүй гэх нэг хэсэг нь С.Канаверог бүтэшгүй санаатан хэмээж буй. Тэдний нэг Америкийн мэдрэлийн мэс засалчдын холбооны эмч Хант Бэтжер “Би хэзээ ч, хэнд ч тийм хүсэлт тавьж чадахгүй” гэжээ.