Францад хэт туранхай загвар өмсөгчид загвар өмсөхийг хориглосон бөгөөд тэднийг хөлслөн ажиллуулсан тохиолдолд загварын агентлагуудыг торгож, эздийг нь шоронд хорих хүртэлх арга хэмжээ авах юм.
Мөн 2013 онд Израиль улсад хэт туранхай загвар өмсөгчдөөр загвар өмсүүлэхийг хориглох шийдвэр гаргаж байсан бол загварын салбараас хэдэн арван тэрбум еврогийн орлого олдог Франц улсын эрх баригчид мөн адил ийм шийдвэр гаргалаа. Итали, Испани зэрэг бусад улс загвар өмсөгчдөө хамгаалахын тулд сайн дурын журмаар зохицуулалт хийдэг аж.
Энэ арга хэмжээ нь турах хүсэлдээ автан хоолоо сойж буй үзэгдлийн эсрэг Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын Засгийн газрын өрнүүлж буй кампанит ажлын нэг хэсэг юм.
Эрүүл мэндийн шинжээчдийн тооцоолсноор, Францад хоолны дуршилгүй болсон 300-400 мянган хүн байгаагийн олонх нь өсвөр насныхан байна.
2010 онд Францын хоол идэх дуршилгүй болсон загвар өмсөгч, 28 настай Изабель Каро энэ өвчний талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх гэрэл зургийн кампанит ажилд оролцсоныхоо дараа нас баржээ.
эх сурвалж: People.com