“A cool” маргааш тоглолтоо хийх гэж байна. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Таны гурав дахь тоглолтын онцлог юу вэ?
-Дөрөвдүгээр сарын 14-нд төрсөн өдөр минь тохиож буй. Миний дууг сонсдог, дэмждэг хүмүүстэй хамтдаа баяраа тэмдэглэхээр шийдсэн нь энэ. Хоёр цаг гаруй үргэлжлэх тоглолтынхоо бүх дууг бичлэг тавихгүйгээр хүргэнэ. Тэгэж чадахгүй бол тасалбараа буцааж өгөөрэй. Малайз, Сингапур, БНХАУ-аас гэрэл, хөгжмийн техникчид ирж ажиллах тул өндөр чанартай тоглолт болно байх. Надтай хамтарч ажилладаг, үе тэнгийн минь 10 гаруй уран бүтээлч ая дуугаа өргөнө. Тэд гэнэтийн бэлэгтэй ирэх тул хэн хэн дуулахыг нь нууцалъя.
-Ингэхэд хэдэн нас хүрч байна вэ. Урьд нь төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэдэг байв?
-29 нас хүрэх нь. Төрсөн өдрийн баярыг амьдралынхаа нэг жилийн хугацаанд юу хийж бүтээв гэдгээ дүгнэж цэгнэдэг өдөр гэж ойлгодог. Найз нөхөд, гэр бүлийнхээ хүрээнд жил бүр л төрсөн өдрөө нижгэр тэмдэглэдэг. Ээжийн минь тэмдэглэж өгдөг байсан багын төрсөн өдрүүд хамгийн дурсамжтай.
-Тэгвэл өнгөрсөн хугацаанд хийж бүтээснээ дүгнэвэл?
-Мориор зүйрлэвэл ид шүдлэн насандаа явж байна. Энэ хугацаанд тодорхой хэмжээний зүйл бүтээж, амжилттай яваа. Би залуу хүн болохоор илүү ихийг хийхийг зорьж байна.
-Тоглолтод тань ирэх үзэгчдээс төрсөн өдрийн бэлэг өгч магадгүй юм. Та ямар бэлгэнд дуртай вэ?
-Мэдээж мөнгө биш. Өгсөн эзнээ эргээд дурсуулахаар үлдэцтэй зүйлд дуртай. Гэхдээ сэтгэлээсээ өгсөн бэлэг цаанаа л нандин байдаг.
-Тоглолтынхоо дараа юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Хэсэг хугацаанд амраад, дараа нь гадаад руу явахаар зэхэж байна.
Блиц
Овог нэр: Баттулгын Анхбаяр.
Тайзны нэрний учир: “А” гэдэг нь миний нэрний эхний үсэг. “Күүл” гэдгээр чанартай, сайн уран бүтээл хүргэхийг бэлгэдсэн.
Төрсөн он сар өдөр: 1986.04.14.
Өндөр, жин: 179 см өндөр, 75 кг жинтэй.
Гутлын размер: 42.
Ойрын таван жилийн төлөвлөгөө: Азийн хөгжмийн зах зээлд гарах.
Хүссэн дуучинтайгаа тоглолт хийх боломж олдвол: Тийм завшаан тохиовол Энрике Иглесиастай хамтрахыг хүснэ. Миний дуртай дуучин.
Хамгийн анхны дуу: Ахлах сургуульд байхдаа “Шинэ бүжиг” кинонд тоглосон. Тэр кинонд зориулж “Чамайг үгүйд” дуу хийсэн нь миний анхны уран бүтээл.
Хообий: Үнэртэй ус, нүдний шил цуглуулж, ном унших дуртай. Одоогоор 200 гаруй нүдний шилтэй.
Дуучин хүн ямар байх ёстой вэ: Чадвартай, мэдрэмжтэй, зөв хүн байх ёстой. Дотоод сэтгэлээсээ гаргахыг хүссэнээ дуучид уран бүтээлээрээ дамжуулдаг. Тиймээс өөрөө зөв хүн байж, ард түмний өмнө нийгмийн хариуцлага хүлээж, бусдад үлгэр дуурайл үзүүлэн, эерэгээр нөлөөлөх зүйлийн тухай дуулах ёстой болов уу.
Б.ДӨЛ