Яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын “Нар зөвийн эх орон” цэнгүүнийг үзэхээр ирсэн хүмүүс “Улаанбаатар палас”-ыг учиргүй битүү биш ч гэсэн дундуураас лав нэлээд дээгүүр дүүргэжээ. Эдийн засгийн хямралтай байна гээд инээхээ хүртэл харамлах шахам болсон энэ цаг дор яруу найраг сонсохоор, яруу сайхан монгол үгээрээ сэтгэлээ дулаацуулахаар 1500 гаруй хүн цугласан гэхээр бас ч гэж болж байна аа. Үзвэр эхлэх цагаас 40 орчим минут хоцорч очсон биднийг үүдэн дээр ямар ч тасалбар түгээгч “саатуулсангүй”. Гайхаж, эргэлзэж байгаад дотогш орж, үзвэрийн танхим дотроос таньдаг хүнээсээ тасалбар худалдаж авав. Хэзээ байхдаа бусад тоглолт ингэдэг билээ дээ. Үзвэр дуустал үүдээ дангинатал барьж байгаад, зөвхөн мөнгөө төлсөн хүмүүст л таашаал өгдөг биз дээ. Гэтэл “Нар зөвийн эх орон” дөнгөж эхэлж байхад үүд хаалгаа нээлттэй орхичихсон, хэн дуртай нь чөлөөтэй орж, гараад, бас бидэн шиг “хэнхэгтэй” зарим нь өөрсдөө хайж явсаар тасалбар олж аваад л... Ц.Чимэддорж агсны шүлэглэсэн шиг ёстой л цоожгүй хаалга, цуургагүй сэтгэл гэдэг энэ байх даа.
Төрийн шагналт, ардын уран зохиолчдоор гайхуулж, УДБЭТ-ын симфони найрал хөгжмөөр гоёсон, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүүгийн дохиураар шүлэг хүртэл амь орон өөрөө дуулах шиг болсон “Нар зөвийн эх орон”-д илүү, дутуу зүйл юу ч үгүй санагдсан. Эрээн мяраан тайз чимэглэл, элдэв сонин гэнэтийн бэлэг, азтай үзэгчийн сугалаа, автомашины түлхүүр гардуулах ёслол аль аль нь үгүй. Тод ч биш, бүдэг ч биш саарал өнгийн, дөрвөлжин хээтэй хослол, цагаан цамц, ташуу судалтай зангиатай А.Эрдэнэ-Очир найрагч дөрөв дөрвөн үзүүлбэрийн давтамжтайгаар тайзнаа гарч ирээд 1-2 шүлэг уншчихаад л орчихно. Уг нь түүнийг хошин шогийн шаггүй мэдрэмжтэй яруу найрагч гэдгийг ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай тайзан дээр зарласан боловч мань хүн уг авьяасаа энэ удаад хүмүүст үзүүлсэнгүй.
“Тэртээ тэргүй болдог юм болдгоороо, байгаа юм байгаагаараа байх сайхан. Би үзэгчдийг өөртөө татах гээд элдэв юм үзүүлээд байх шаардлагагүй” гэж бодсон болов уу. Тэр угаас ийм хүн. Тэглээ гээд түүний цэнгүүн нунж дорой, уйтгартай бус, харин ч энгийн хэрнээ хачин эрхэмсэг орчинд болж өнгөрснийг хэлэх хэрэгтэй. Тэр үдэш Эрдэнэ-Очирын болоод анд нөхөд, ахан дүүсийнх нь шүлэг найргийг сонсох гэсэн, ардын жүжигчин А.Долгор, дуучин Т.Дэлгэрмөрөн хоёроор “Эх, үрийн дуу”-г нь, Ц.Түвшинтөгс гавьяатаар “Догшин хутагтын нутаг”-ийг нь, “солгой” хэмээх Н.Төмөрхуягаар “Хайрын төөрөг”-ийг нь, Ч.Бат-Эрдэнээр “Миний нутгийн нуур”-ыг нь, Р.Дэлгэрмаагаар “Итгэлийн гэрэлтэй амраг”-ийг нь дуулуулах гэсэн үзэгчид л цугласан.
А.Эрдэнэ-Очир найрагчийн цэнгүүнд ирсэн хамгийн хүндтэй зочин бол түүний ээж Ц.Цэндсүрэн. Тэрбээр хүүгийнхээ тоглолтыг үзэхийн тулд Дорноговь аймгийн Улаанбадрахаас өглөөхөн галт тэргээр ирсэн гэнэ. Цэнгүүн өндөрлөсний дараа Ц.Цэндсүрэн гуайтай уулзаж, сэтгэгдлийг нь асуухад “Хүүгийн минь тоглолт сайхан боллоо. Ууган хүү минь намайг их олон удаа баярлуулж байгаа хүн дээ. Тэр дундаа хоёр жилийн өмнө намайг аймгийн наадам үз гээд өөрөө хотоос очиж, хонь хариулж өгөхөд нь би хүүдээ мөн их баярласан. Тэгэхэд л би наадам үзээгүй ямар их удсанаа мэдэж билээ” хэмээн нүдэндээ баярын нулимс цийлэгнүүлэн ярилаа. Ээжийгээ наадам үзүүлэхийн тулд хотоос зорин очиж, хонь малыг нь хариулан, аргал түүж явсан хүүгийн сэтгэл ямар сайхан бэ. Магадгүй яруу найрагч л ийм үнэн халуун сэтгэлтэй байдаг юм болов уу.
Найрагчид төр төмбөгөр ёс ёмбогор гэдгийг хэзээнээсээ айхтар баримталдаг учраас энэ удаад ч залуус нь ахмадуудаа хүндэтгэн тохойноос нь түшиж, тайзнаа гаргаад, тэднээр сонин сайхан дурсамж дэлгүүлж, өөрсдөө харин шүлэг хэлэх үүрэг хүлээжээ. Олон жилийн дараа уран бүтээлийн цэнгүүнээ хийж байгаа А.Эрдэнэ-Очир дүүдээ хамгийн “том бэлэг” өгсөн хүн бол ардын уран зохиолч П.Бадарч. 1994 онд Арлаан гуай хүүгээ дагуулан түүн дээр ирж, “Манай энийг сайн харж хандаж байгаарай” гээд халзан цагаан хонь өгсөн юм байх. “Эм хонь гэж хэлсэн санагдаж байна. Тэгэхээр одоо тэр хонь маань өсөж үржээд 21 болчихсон байх учиртай. Тэр хонио бүгдийг нь чамд бэлэглэе” хэмээн буурал найрагч алиалав. Харин ардын уран зохиолч Д.Цоодол “Эрдэнэ-Очир маань машин барьж чадах биш. Барилаа гэхэд энд тэнд аваачаад орхичихож мэдэх хүн. Тиймээс би дүүдээ Явуу багшийгаа А.П.Чеховтой хамт бэлэглэнэ” гээд сүүлд хэвлүүлсэн хоёр номоо өргөн барилаа. Ийнхүү утга уянгын гэж эзэн нь онцолсон “Нар зөвийн орон” инээдэм наргиантай, илүү, дутуугүй эмх цэгцтэйгээр гурван цаг үргэлжилсний эцэст хөшгөө хаав.