Британийн Уипснэйд амьтны хүрээлэнд хоёр ч монгол ингэ ботголсон тухай тус улсын “Luton on sunday” сонин мэдээлжээ. Өнгөрөгч сарын 10-нд төрсөн ботгонд “Frozen” хүүхэлдэйн киноны баатрын Олафын нэрийг өгсөн бол түүнээс 48 цагийн дараа мэндэлсэн ботгыг Орла хэмээн нэрлэжээ. Энэ талаар тус амьтны хүрээлэнгийн эрхлэгч Донован Глин “Төрснийхөө дараа Олаф тэнцвэрээ олохгүй жаахан тэвдсэн. Орлагийн хувьд ханьтай тул шинэ зүйлсийг туршихдаа илүү зоригтой, шийдэмгий байгаа нь анзаарагддаг. Ботгонууд гурван сар хөхөөр хооллоно. Тэднийг нэг дор өсгөнө” гэжээ.
Улаан номд орсон хоёр бөхт тэмээ өдгөө Монгол Хятадаас өөр газар нутагладаггүй бөгөөд ховордсон эл амьтныг хамгаалах төслийг Лондоны амьтан судлалын нийгэмлэг, Монгол улсын их сургуулийн хамтран гүйцэтгэж байгаа юм.