Би гэрлээд жил орчим болж байна. Нөхрийн минь тал ч, манайх ч ерөнхийдөө боломжийн амьдралтай. Боломжийн гэхээс арай илүү ч байж мэднэ. Тиймээс бид гэрлээд л хүссэн байраа авч, өрх тусгаарлаад дороо л дажгүй төвхнөөд авсан. Аав, ээжийнхээ гэрээс гарч, амьдрал зохиоход ширхэг хадаас, зүүнээс эхлээд бүх л юм хэрэгтэй болдгийг шинэ байраа тохижуулж байхдаа мэдэрч билээ. Ганц халбага л дутуу байхад бага гэлтгүй хүндрэл гардгийг бас мэдсэн. Энэ мэтээр эд хогшил, унадаг дугуй, машин гээд элдэв зүйлд гар татахгүй, тэгээд бас аятайхан хувцаслаад явна гэвэл эдийн засаг юунаас ч илүү чухлыг туурга тусгаарлаад л мэддэг болсон. Сайн аав, ээжүүдийнхээ дэмжлэгээр нөхөр бид хоёр хамтын амьдралдаа эд материал, идэх уухаар дутаагүй л явна. Өнгөрсөн жилийн хугацаанд мэдэж авсан өөр нэг зүйл гэвэл, залуу хос бүр бид хоёр шиг хэдхэн хоногийн дотор л тохижиж, дутах юмгүй бүтэн айл болдоггүй юм билээ. Буйдан зээлээр авлаа, машин лизингдлээ, хөлсний байранд орлоо гэхчлэн айл болохын тулд олон асуудалтай тулгардаг аж. Тийм хүмүүсийн хажууд бид ч азтай юм, хүссэн бүхэн байна. Ингэж боддог байлаа, саяхныг хүртэл. Гэтэл үгүй аж. Бидэнд гэр бүлийн амар тайван дутаад байгааг би сарын өмнө л ухаарлаа. Бүх юм бэлэн байгаа хэрнээ бидний дунд явган хэрүүл тасардаггүй байв. Нэгэндээ ёжтой үг чулуудахгүй хоёр хоновол бараг дарс тулган тэмдэглэх шахуу болно. Юунаас болж маргалдаж, нэгнийхээ дээр гарах гээд байгаагаа бодоод ч олохгүй болохоор нь танхи өссөн хоёр биенийхээ бардам зантай холбож сэтгэлээ амраадаг байлаа. Гэрээс хэрүүл “уяатай” байгаад сэтгэл минь зовж, хүмүүсийн зөвлөснөөр лам, бөөд ч үзүүлэв. Харамсалтай нь тусыг эс олсон. Мөнгө үрсэндээ хэзээ ч харамсдаггүй надад харин энэ удаа харам сэтгэл төрсөн шүү. Дэмий юманд итгэж, хайран мөнгөө үрлээ дээ, гэж. Тэгээд яалтай билээ, хайрынхаа төлөө, амьдралынхаа төлөө аргаа барсан хүний л зан юм уу даа гэж өөрийгөө аргадсан. Ингээд сэтгэл судлаачдад хандсан ч бас л олигтой үр дүнд хүрээгүй. Тэгтэл сарын өмнө нэгэн сэтгүүлээс санаандгүй нэгэн зөвлөгөө олж харав.
Сэтгэл судлалаар 40 жил ажилласан эрдэмтэн Жон Готтман хүний сэтгэлийг “тольддог” гэнэ. Түүний эхнэр Жули ч олон улсад алдартай сэтгэл зүйч бөгөөд гэрлэлтийн асуудлаар дагнадаг юм байна. Гэр бүлийн хоёр сэтгэл судлаачийн зөвлөгөө тун энгийн аж. Хүн бүр анзаараад байдаггүй жаахан л зүйлээс хамтын амьдрал шалтгаалдгийг олон судалгааны дүнд тэд мэджээ. Аз жаргалтай гэр бүлийн талаарх хамгийн алдартай судалгаагаа Готтман “Хайрын лаборатори” гэж нэрлэсэн байна. Үнэхээр л гэр бүл болно гэдгийг хайрын лабораторид амьдрал ургуулахтай зүйрлэж болох мэт. Түүний зөвлөсний дагуу нөхөр бид хоёр хамтдаа хичээснээр бага гэлтгүй эерэг өөрчлөлтийг мэдэрч явна. Амьдралд хоёр өөр хүн нэг бүхэл болох нь хором зуурт шийдэгддэггүй том зүйл аж. Аварга том модод анхандаа жижигхэн үр байсантай адил юм. Гэр бүлийн модоо ургуулж, бэхжүүлэхэд амьд харилцаа, харилцан хүндлэл, итгэлцлийн агаар юу юунаас
Готтман тэргүүтэй судлаачдын үзэж буйгаар салалтын гол шалтгаан нь бие биенээсээ өө хайж, үл хайхардаг явдал. Зориуд өө хайвал хулганыг ч заан болгож дөнгөнө. Эхнээсээ их, бага гэлтгүй өөлөөд байвал аажимдаа энэ нь зуршил болж, хажуудахаа үл хүндэлж, яриаг нь чихнийхээ гадуур нисгэж, хүсэлтийг нь ойшоохгүй болдог аж. Сүүлдээ байдал даамжирч хажууд нь хань нь байсан, байгаагүй ялгаагүй болно. Энэ бол хайраа бөхөөж байгаа хэрэг. Тэгэхээр нэгнээсээ өө хайх нь хамтын амьдралын дархлааг сулруулдаг гол хөшүүрэг байх нь. Дархлаа нь суларсан гэр бүлийг багахан тунирхал ч үгүй хийж дөнгөнө.
Ийм байдалд хүрэхгүйн тулд нэгэндээ анхаарал хандуулж сур. Нэг нь ярьж байхад нөгөө нь хийж байгаагаа хэдхэн минут хойш тавиад, болж өгвөл нүд рүү нь эгцлэн харж байгаад сонсож байгаарай. Болж өгвөл гарыг нь атгаад, зөөлөн илээрэй. Эхний хоёр, гурван удаа хийж байсан зүйл рүүгээ яараад яриаг нь төвлөрч сонсохгүй байж магадгүй. Гэхдээ дөрөв, тав дахь удаа гэж явсаар аажимдаа бие биенээ харж байгаад, гар гараа илэлцэн ярьдаг зуршил насан туршид чинь тогтоно. Өөр нэг чухал зүйл гэвэл “Чи намайг тоосонгүй. Чи амласандаа хүрдэггүй. Үргэлж хоцордог. Би ингэж хийж өгч байхад чи хариуд нь яасан бэ. Хоолоо зөв ид. Иймхэн юм мэдэхгүй, чадахгүй. Бэлэг өгсөнгүй” гэхчлэн хажуудахаа өөлж, гоочлоод байвал үнэ хүндгүй болохын хажуугаар тэр хүний тухай үнэлж чинь унтарсаар нэг л мэдэхэд үзэн ядахад хүргэж мэднэ. Түүнээс ямар нэгэн юм хүсэхдээ эхлээд түүний оронд өөрийгөө тавьж үзээрэй. Хэрэв чи хайртдаа гоморхож, түүнийг үргэлж өөлж, голдог бол бас л байраа нэг солиод үзэхэд гэмгүй. Тэгээд эхлээд түүний хүсэж байгаа зүйлийг ямар нэгэн болзолгүйгээр чин сэтгэлээсээ гүйцэлдүүлээд нүд рүү хараарай. Дараагийн удаа тэр ч бас ингэх ёстойгоо ойлгосон байхыг нь олж харах нь лав.
Айл гэрийн эзэн нөхрүүдэд аминчлан хэлэхэд, эхнэр гэхээрээ заавал халамжтай ээж шиг байх албагүй. Чи тэр хүнээс ээжийн халамж шаарддаг бол өөрөө түүнд аав шиг нь байх ёстойгоо ойлгоорой. Орчин цагийн эмэгтэйчүүд бидний эмээ, ээж шиг бүхнийг хийж чаддаг байх албагүй. Учир нь цаг үе өөр болсон. Хамгийн гол нь тэр чамд хайртай, бас хуурдаггүй байх л нь чухал. Тийм байхад хоол нь амтгүй, хивс чинь жаахан тоостой байхад яадаг юм бэ. Чамд хайртай, тэгээд сайхан эмэгтэй хажууд чинь насаа элээнэ гэж байхад чи түүнээс олон юм битгий шаард, бүү гол. Амьдралын явцад тэр аяндаа бүхнийг сурна. Одоо ч сурсаар байгаа, тэр чинь. Яг л чам шиг шинэхэн амьдрал зохиогоод учраа олохгүй яваа байх. Ингэж нэг бодож үзсэн үү.
Эрхэмсэг хатагтай нарт хандаж аминчлан хэлэх зүйл бас бий. Эрчүүдэд бүү бууж өг. Уурлаад байвал хошуугаа унжуулаад эрх охин шиг дагах хэрэггүй. Уг нь бүсгүй хүн гэдэг эрх муур шиг амьтан шүү дээ, гэсэн ч яалтай билээ. Нөхөр чинь чамайг тэврэхгүй, үгийг чинь сонсохгүй, хоолыг чинь голоод, өөр хэн нэгэн эмэгтэйтэй зүйрлээд байвал яршиг цаашаа. Үгийг нь бүү тоо. Түүний өндөр шаардлагад тааруулах гэж өөрт байхгүй зан гаргаж, үнэг шиг шарвалзах хэрэггүй. Тэр чинь бууж өгч буйн илрэл. Түүнд тохируулж аашилж аягласаар байгаад чи өөрийн үнэнигй алдах болно. Тэр цагт чамаас хэзээ ч үнэнхүү сайхан сэтгэл гарахгүй. Үнэнгүй сэтгэлээр нэг насыг барах болов уу. Гэр бүл тогтвортой байх чухал үзүүлэлтийн нэг нь үнэн бөгөөд сайхан сэтгэл. Тэр бол юм бүхнийг мэдрэх боломж олгодог байгалиас заяасан чухал чанар. Түүнийг нуугдахад хүргэвэл эмгэнэл юм.
Ер нь сайхан сэтгэлээ үргэлж дасгалжуулж, тамиржуулж байх хэрэгтэй. Түүний дасгал нь харилцаа юм. Сэтгэлээ бялдартай, галбиртай байлгахын тулд хоорондоо үргэлж ярилцаж, ойлголцох ёстой гэсэн үг л дээ. Үг бүр, тэр дундаа элгэмсэг, дотно үгс сэтгэлийн хоол юм. Тэгэхээр уурлаж бухимдсан шалтгаанаа ярьж, ойлголц. Үл ойлголт чинь арилах болно. Дургүй чинь хүрсэн бол мөн л хайртдаа хэл. Тэр ойлгоно. Ойлгохгүй байсан ч хамаагүй ээ, хэлээд л, яриад л бай. Нэг, хоёр удаа цаадах чинь уурлаж, орилох биз. Харин гурав, дөрөв, тав дахь удаад тэр хэлэх гэсэн санааг чинь шууд л ойлгодог болно.
Эцэст нь зөвлөхөд, маргалдахгүй хос, хэрүүлгүй амьдрал гэж байхгүй. Хэрэлдээд сүйд болохгүй ч ам зөрөх үед бишгүй тохиолдоно. Тэр үе бодсоноо илэн далангүй хэл, хамаагүй ээ, хашгирсан ч болно. Хамгийн гол нь хараал хэлэхгүй, нэгнийгээ өмхий үгээр утахгүй байх нь чухал. Хэрүүл дунд хараад ороод ирвэл нөхөр чинь, эхнэр чинь гээд хэн байх нь хамаагүй хүн гэдэг амьтны байгалийн араатан зөн нь сэрж, цухалздагийг хавтаст хэргүүдээс уншиж болно. Хараал бол басамжлал бас хор юм. Тэгэхээр хордсон сэтгэл яах нь ойлгомжтой.
Хордлоготой харилцаатай хэрнээ хамтдаа байж өөрсдийгөө, мөн үр хүүхдээ хорлодог хүмүүс байдаг. Тэд энэ байдлаа хайраар цагаатгадаг. Үгүй дээ, хайртай бол нэгнийгээ араатан болгож, харилцаагаа хордуулаад байдаггүй юм. Тиймээс та бүхэн тэдэн шиг болохгүйн тулд харилцаандаа анхаарч, муу үг, хараал урсгахгүй бол сайнсан. Дээр дурдсан хэдхэн зүйлийг л санаж, нэгнийгээ хүндэлж, сонсож, сайхан сэтгэлтэй байсан цагт амьдрал хэмээх хайрын лабораторид танай гэр бүлийн мод бат ургах болно.